"Nissan Motor" Мексикт үйлдвэр барих төлөвлөгөөгөө өөрчлөхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2017-02-10 10:10:50

ТОКИО. /Nikkei/. Төлөвлөсний дагуу Мексикт автомашин үйлдвэрлэнэ гэж Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan Motor” компани мэдэгдлээ.

Тус компанийн дэд ерөнхийлөгч Жожи Тагава пүрэв гарагт сэтгүүлчдэд энэ тухай мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, “Nissan Motor” компани болон Германы “Daimler” компани Мексикт хамтарсан үйлдвэр барихаар төлөвлөж байгаа аж.

Тагава хэлэхдээ “үйлдвэр барих ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Ирэх санхүүгийн жилийн эцэс гэхэд автомашин үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөгөө манай компани өөрчлөөгүй” гэжээ.

АНУ-д ажлын байр бий болгохын тулд Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг Мексик болон Канадтай дахин авч хэлэлцэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уриалж байгаа юм.

“Nissan Motor” бол АНУ-д маш олон ажлын байр бий болгоод зогсохгүй тэнд байр сууриа хэдийн бэхжүүлж чадсан Японы автомашин үйлдвэрлэгчдийн нэг гэж Тагава хэлжээ.

Өнөөдөр болох Япон-АНУ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр ямар  асуудлыг авч хэлэлцэхийг анхааралтай ажиглах болно гэж тэрбээр хэлсэн байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ