Албан тушаалтны мэдүүлгийг амралтын өдрүүдээр ч хүлээн авч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬАвлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хуулийн дагуу албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэдэг. АТГ-ын ажилтнууд амралтын өдрөөр ч албан тушаалтны мэдүүлгийг хүлээн авч байна.
2017 онд мэдүүлгээ гаргавал зохих нийт 39.600 орчим албан тушаалтнаас хоёрдугаар сарын 08-ны өдрийн 09 цагийн байдлаар 29.156 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ “meduuleg.iaac.mn” цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд явц байдал 73,6 хувьтай байна. Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 291 албан тушаалтнаас тухайн албан тушаалдаа ажиллаж байгаа 285 албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас одоогоор УИХ-ын гишүүн 16, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд 28, Засгийн газрын гишүүн 8, бусад 62, нийт 114 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн нь 39,1 хувийн явцтай хувь байгаагаас гадна хугацаа дуусахад 7 хоног үлдсэнийг анхааруулав. Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажлын өдрүүдэд уртасгасан цагаар, амралтын өдрүүдэд 10-17 цагийн хооронд ажиллаж байна.
Ж.Батсайхан