БНКаЗУ-ын Ерөнхийлөгчийн зарим эрх мэдлийг Засгийн газар, Парламентад шилжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭБНКазУ-ын улс төрийн тогтолцоог ардчилсан системд шилжүүлэх төлөвлөгөөг Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев энэ оны нэгдүгээр сарын 25-нд гаргасан байна.
Энэ талаар өнөөдөр тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Кобландин мэдээлэв.Төлөвлөгөөний дагуу БНКазУ-ын Ерөнхийлөгчийн одоогийн эрх мэдлийн тодорхой хэсгийг Засгийн газар болон Парламентад шилжүүлэх бөгөөд энэ нь гүйцэтгэх, хууль тогтоох байгууллагын хариуцлага, чадавхийг дээшлүүлнэ хэмээн үзэж буйг мэдээллийн эхэнд онцолсон юм.
Тэрбээр, “Засгийн газар, парламентад Ерөнхийлөгчийн 40 гаруй эрх мэдэл шилжинэ. Тухайлбал, парламент Засгийн газрын бүтцийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн батлах, орон нутгийн удирдах байгууллагуудын үйл ажиллагаанд шууд хяналт тавих эрхтэй болох юм. Харин Засгийн газар төрийн үйл ажиллагаатай холбоотой хөтөлбөрүүдийг батлах, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үүрэг хүлээнэ. Ерөнхийлөгч засаглалын байгууллагууд хоорондын харилцаанд хяналт тавих юм.
Энэ хүрээнд Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулна. Одоогоор Казахстаны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг, нийтлэл нэвтрүүлгүүд явж байгаа бөгөөд энэ сарын 26-ныг хүртэл ард түмэндээ танилцуулж, саналыг нь авах юм. Энэхүү шинчлэлийг хийснээр хууль тогтоох байгууллагаас гүйцэтгэх засаглалд тавих хяналт сайжирч, улс төрийн тогтолцооны тогтвортой байдал бэхжинэ” гэлээ.
Мөн тэрбээр өнгөрсөн сарын 31-нд БНКазУ-ын Ерөнхийлөгчийн ард түмэндээ хүргүүлсэн эдийн засгийн шинэчлэлийн гурав дахь үеийн талаарх илгээлтийг танилцуулав. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Казахстан улс эдийн засгийн хоёр томоохон шинэчлэл хийсэн. Эхнийх нь ЗХУ-аас тусгаарлаж, төлөвлөгөөт зах зээлийн эдийн засагт шилжих алхам байсан. Хоёр дахь нь «Казахстан-2030» стратеги болон шинэ нийслэл болох Астана хот байгуулагдсан явдал юм. Эдгээр шинэчлэлин үр дүнд Казахстан дэлхийд өрсөлдөх чадвараар эхний 50 орны эгнээнд орсныг мэдээлэлдээ дурьдав.
Харин гурав дахь илгээлтэд эдийн засгийн хөгжлийн шинэ технологийн загвар бий болгох зорилт тавьсан бөгөөд энэ хүрээнд Засгийн газарт «Дижитал Казахстан» тусгай хөтөлбөр боловсруулахыг үүрэг болгожээ. Мөн аж үйлдвэр, хөдөө аж ахуйн цогцолбор, тээвэр, барилгын салбарыг хөгжүүлэх, Евразийн логистикийн дэд бүтцийг хөгжүүлэхээр тусгажээ. Түүнчлэн 2020 он гэхэд транзит тээврийн орлогыг 5.5 дахин буюу жилд 4 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлэх, барилгын зах зээлийг хөгжүүлэх замаар 15 жилийн хугацаанд 1.5 сая гэр бүлийг орон сууцтай болгох, дунд хугацаанд инфляцийн түвшинг 3-4 хувь бууруулах ажлыг хийх юм. Боловсролыг гурван хэл (Казах, Анли, Орос) хэлээр олгох, иргэдийг мэргэжил, техникийн боловсрол олгох сургалтад үнэ төлбөргүй хамруулах зэрэг ажил гурав дахь эдийн засгийн шинэчлэлийн төлөвлөгөөнд багтжээ. Төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлснээр 2050 он гэхэд дэлхийн хөгжингүй 30 орны эгнээнд орох боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж.
Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулав.
-Улс төрийн тогтолцоог ардчилсан системд шилжүүлж байгаагийн шалтгаан нь юу вэ?
-25 жилийн өмнө тусгаар тогтносон Казахстан улс Ерөнхийлөгчийн засаглалтай байсан. Энэ нь нэгдсэн бодлогоор эдийн засгийн хүндрэлээс гарах зорилготой байсан. Өнгөрсөн хугацаанд БНКазУ-ын эдийн засаг сайжирч, иргэдийн амьдрал ч дээшилсэн. Дэлхий нийтэд өөрийн орноо таниулж, тодорхой хэмжээний байр суурь эзэлж чадсан. Одоо хууль тогтоох, гүйцэтгэх засаглалыг бэхжүүлэх, ардчиллыг мөн чанараар нь хөгжүүлэх зорилт тавьж байгаа.
-БНКазУ өнгөрсөн сарын 01-нд НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд танайхаас ямар шинэ санал, санаачилга гаргаж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
- НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлд Төв азийн улсаас орсон анхны улс боллоо. Тиймээс тус зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллах хугацаандаа Төв Азийн орнуудын өмнө тулгамдаж буй асуудлыг олон улсын тавцанд хүргэх дуу хоолой болно. Мөн улс орнуудын эдийн засгийн аюулгүй байдал, экологийн асуудалд гол анхаарлаа хандуулна.
-Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын бус гишүүн орны хувьд Сирийн асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Казахстан улсад Сирийн зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэлтэй хямралыг зохицуулах асуудлаар олон талт хэлэлцээр хийсэн. ОХУ, Иран болон Турк улсын санаачилгаар уг хэлэлцээрийг Сирийн асуудалтай ямар нэгэн байдлаар холбогдоогүй оронд хийхээр болж, манайхыг сонгосон. Манай улс Сирийн асуудлыг тайван замаар шийдвэрлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа.
-Монгол, БНКазУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-Өнгөрсөн онд хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалт болсон. Хоёр орны хооронд мэдээлэл солилцох боломж хомс байгаагаас эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд саад учирч байна. Одоогоор хоёр орны хооронд шууд нислэг нээх асуудлыг хэлэлцэж байна. Энэ онд шийдэгдэнэ гэдэгт итгэж байна. Түүнчлэн энэ онд Астана хотод Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хуралдаан болно.
-Хоёр орны гадаад худалдааны бараа эргэлт хэдэн сая ам.доллар байна вэ?
-Ойролцоогоор 40-50 сая ам.доллар.
-БНКазУ-ын “Gtime” сүлжээний компани Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ компани Казахстаны төрийн захиалгаар үйл ажиллагаа явуулдаг гэсэн мэдээлэл гарсан?
-Сүлжээний бизнес эрхэлдэг “Gtime” компанийн тухай мэдээлэл Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан байсан. “Gtime” компани бол Казахстаны Ерөнхийлөгч, төрийн байгууллагууд болон манай Элчин сайдын яамтай холбоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Одоо тус компанийн үйл ажиллагааг Монголын хууль, хяналтын байгууллагууд шалгаж байгаа гэсэн мэдээлэл ирсэн.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал