Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана.
Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон Улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”, Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулах “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр, Хөгжлийн банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлж, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэнэ.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж, Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулах “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг хэлэлцэхийн зэрэгцээ Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилт, 2017 оны мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц байдлын талаарх Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээлэл сонсох нь.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлж, Зөвлөлдөх санал асуулгын тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
Б.Туул