Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж дэмжив.
Монгол Улсад төлбөр тооцоог сүүлийн үеийн технологи ашиглан хийх болсон ч бэлэн бус цахим төлбөрийн хэрэгслийн хамгаалалтын түвшин харилцан адилгүй байна. Тухайлбал, дебит болон кредит шилжүүлэг, төлбөрийн карт зэрэг төлбөрийн цахим хэрэгслүүд, урьдчилсан төлбөрт картаар хийж буй төлбөр тооцоог бэлэн төлбөрийн хэрэгсэлтэй харьцуулахад харьцангуй сул хамгаалалттай байна.
Түүнчлэн төлбөрийн үйлчилгээний болон хэрэгслийн харилцааны оролцогч болох банк, түүний нэрийн өмнөөс үйлчилгээ үзүүлж буй гэрээт төлөөлөгч болон хэрэглэгчийн эрх, үүрэг одоо болтол тодорхойгүй. Мөн төлбөрийн систем, үйлчилгээ үзүүлэгчид хяналт тавих Монголбанкны бүрэн эрх, түүнийг хэрэгжүүлэх механизмыг Банкны салбарын хууль тогтоомжид тусгаагүй байна. Дээр дурдсан шаардлагыг үндэслэж Үндэсний төлбөрийн системийн ил тод байдлыг дэмжих, систем хоорондын харилцан зохицолдоог хангах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр хуулийн төслийг 11 бүлэг, 49 зүйлтэй боловсруулсан хэмээн Сангийн сайд Б.Чойжилсүрэн хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир хамгийн сүүлд гарсан Засгийн газрын бондын хүүг тодруулав. Ажлын хэсгээс Засгийн газрын бондын хүү Монголбанкны бодлогын хүүтэй уялддаг. Засгийн газар гурван сараас гурван жилийн хугацаатай бонд гаргаж байгаа. Дундаж хүү нь 15 байна
хэмээн хариулав.
Харин хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь дэмжиж, чуулганаар хэлэлцэх нь зөв гэж үзлээ.
Ч.Ариунболд