iPS эсийн тусламжтайгаар ургуулан авсан эсийг шилжүүлэн суулгахыг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
adiyakhuu@montsame.mn
2017-02-02 12:59:22

ТОКИО./TASS/. Зохиомол үүдэл эсийн /iPS/ тусламжтайгаар ургуулан авсан нүдний торлог бүрхэвчний эсийг шилжүүлэн суулгах чиглэлээр клиникийн судалгаа хийхийг Японы эрх баригчид зөвшөөрсөн байна.

Ийм шийдвэрийг тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн яамны шинжээчдийн хороо гаргажээ. Дээрх клиникийн судалгаанд “Рикэн” байгалийн ухааны хүрээлэн, Киото болон Осакагийн их сургууль, Кобе хотын Эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүд оролцох юм. Судалгаа энэ оны эхний хагаст багтан эхлэх бололтой.

Тодруулбал, Японы эрдэмтэд дэлхийд анх удаа iPS эсийн тусламжтайгаар ургуулан авсан нүдний торлог бүрхэвчний эсийг насжилттай холбоотой нүдний өвчнөөр шаналж буй хүмүүст шилжүүлэн суулгах чиглэлд клиникийн судалгаа хийж эхлэх ажээ.

Шилжүүлэн суулгах мэс заслыг хийхийн тулд зохиомол үүдэл эсийн /iPS сеll/ банк байгуулах юм. Тус банк нь эсийн онцгой дархлаатай доноруудаас авсан үүдэл эсүүдийг эмнэлгүүдэд нийлүүлэх ажээ. Ингэснээр мэс заслыг хугацаа алдалгүй хийх боломжтой болно. Одоогийн байдлаар тухайн өвчтөний өөрийнх нь эсээс үүдэл эсийг ургуулан авахад 6-10 сарын хугацаа шаардлагатай байгаа бол банк байгуулагдсанаар энэ хугацаа 1-2 сар болж богиносно.  

Япон улсын эрдэмтэн Шинья Яманака үүдэл эстэй холбоотой судалгааг амжилттай хийсний учир 2012 онд Нобелийн шагнал хүртсэний дараа Японы засгийн газар, олон нийтийн зүгээс энэ салбарыг маш ихээр анхаарах болсон байна. 

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ