Монгол, ардчиллын "үлгэр жишээ" гэж Гаук мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-10-19 12:33:59

БЕРЛИН. /dw/. Монгол дахь ардчилсан үйл явцыг Германы Ерөнхийлөгч сайшаагаад, энэ нь тус улсын хөрш ОХУ болон БНХАУ-ын хувьд үлгэр жишээ загвар юм гэж мэдэгджээ.

"Ардчиллыг бэхжүүлж, хууль ёсыг дээдлэх" зорилготой Монгол Улсын хүчин чармайлт миний сэтгэлийг үнэхээр их хөдөлгөлөө гэж Германы Ерөнхийлөгч Иоахим Гаук өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт мэдэгдсэн байна.

“Монгол Улс нь шударга, чөлөөт сонгуулийн сайн үлгэр жишээг бүс нутагтаа дамжуулах түвшинд хүрсэн байна. Үүнийг амаргүй хэдий ч ардчилсан зарчмыг Монгол Улс хүндэтгэж буйгаас харж болно” гэж тэрбээр хэлжээ.

Мөн тэрбээр, БНХАУ болон ОХУ-аас ялгаатай нь Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийг сонгосон бөгөөд цаашдын хөгжилд нь Герман дэмжлэг үзүүлэх болно гэж мэдэгдсэн байна.

Аравдугаар сарын 15-ны өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэл Улаанбаатар хотдоо Гаукийг хүндэтгэлтэйгээр хүлээн авсан байна. Монгол-Германы ашигт малтмал, технологийн дээд сургуулийн багш, оюутнуудтай Гаук мөн уулзжээ. Тус сургууль нь ашигт малтмалын салбарт хамтран ажиллах түншлэлийн хүрээнд 2013 онд байгуулагдсан юм.

Ашигт малтмалын нөөцийн салбарт мэргэжилтэн бэлтгэх уг төсөлд Германы Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам дөрвөн сая еврогийн хөрөнгө оруулжээ.

Монгол нь газар нутгийн хэмжээгээр Германаас дөрөв дахин том бөгөөд гурав орчим сая хүн амтай, дэлхийн хүн ам хамгийн сийрэг суурьшсан улс юм. Монгол нь нүүрс, зэс, алт, уран болон бусад ховор металлын томоохон орд газруудтай, түүхий эдээр баян улс. БНХАУ руу гаргадаг экспортоос үлэмж хэмжээгээр хамааралтай тус улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд буурч эхэлсэн байна.

Европын Холбоонд Их Британийн сацуу Герман улс нь Монголын худалдааны гол түнш юм. Айлчлалынхаа үеэр Гаук хийсэн мэдэгдэлдээ, хэдэн салбарт, тухайлбал, шинжлэх ухаан, соёл, судалгааны салбарт Герман, Монгол хоорондын хамтын ажиллагааг сайжирна гэж найдаж буйгаа илэрхийлжээ.

Монгол олон арван жил ЗХУ-ын дагуул улс байсан боловч хүйтэн дайны дараа тайван замаар ардчилсан хувьсгал хийж, улс төрийн хувьд олон намын тогтолцоонд шилжиж, зах зээлийн эдийн засагтай болсон билээ.

Чингис хааны үед Монгол гүрний нийслэл байсан Хархорин хотын археологийн малтлага хийж буй газраар зочилсноор Гаукийн Азид хийсэн айлчлал өндөрлөжээ. Хархорин хотод хийж буй хамтарсан малтлагыг Герман улс 20 гаруй жил санхүүжүүлж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ