Зүүнбаян-Хангийн чиглэлийн төмөр замын асуудлыг Засгийн газар буцаан татав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-02-01 11:30:39

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Тогтоолын төсөлд  Дорноговь аймгийн нутагт байрлах УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Зүүнбаян өртөөнөөс улсын хилийн Ханги боомт хүртэлх шинэ чиглэлийн төмөр зам барих асуудлыг тусгасан. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам баригдсан тохиолдолд тээвэрлэх үндсэн ачаа нь төмрийн хүдэр, зэсийн баяжмал, нефть зэрэг түүхий эд бараа бүтээгдэхүүн байх аж. Үүний үр дүнд дотоодын түүхий эдийн өрсөлдөх чадвар дээшилж, тээвэрлэлтийн зардал буурах тооцооллыг гаргасан байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, "Төр яагаад төмөр зам тавих асуудал дээр баталгаа гаргах ёстой юм бэ. Улс орон өр зээлтэй байна. Төмөр замаа 1 тэрбум ам.доллараар барих нь. Засгийн газар баталгаа гаргахгүй гэсэн тайлбарыг салбарын сайдаас хүсч байна” гэсэн асуудлыг тодруулахад Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, "Засгийн газар баталгаа гаргахгүй" гэсэн хариултыг өглөө.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, "Шинэ төмөр замыг Сайншанд хүртэл барих бололцоо бий юу. Тус аймгийн төвийн хүн ам олширсон. Хэрэв аймгийн төв хүртэл төмөр замаа тавих юм бол олон хүн ажилтай болох юм" гэхэд Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, "Тогтоолын төсөлд Зүүнбаянгаас Ханги хүртэл төмөр зам тавина гэж тусгасан. Хэрэв Сайншанд хүртэл тавина гэвэл энэхүү тогтоолыг буцаах хэрэгтэй болно" гэсэн тайлбар хийв.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж төмөр зам барихтай холбоотой ТЭЗҮ боловсруулсан эсэх, мөн төмөр замаар тээвэрлэх төмрийн хүдрийн ордын нөөцийн хэмжээг лавлаж байсан. Үүнд салбарын сайд, "Төмөр замаа барих барихгүй нь тодорхойгүй байгаа болохоор ТЭЗҮ боловсруулаагүй. Нөгөө талаар ТЭЗҮ боловсруулахад мөнгө шаардлагатай. Төмөр зам тавьсан тохиолдолд зөвхөн төмрийн хүдэр тээвэрлэхгүй. Нефть, нүүрс, зэс тээвэрлэнэ" хэмээв.

Асуулт асууж, үг хэлсэн гишүүдийн ихэнх нь тогтоолын төслийн боловсруулалт хангалтгүй гэж үзсэн тул Засгийн газар асуудлыг буцаан татахаар боллоо.

Б.Туул

Холбоотой мэдээ