Улсын баяр наадмыг магнайлсан харваачдад цол олгох хуулийг хэлэлцэхийг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төсөлд улсын баяр наадмын үндэсний сурын харваанд гуравдугаар байр эзэлсэн харваачид гоц харваач, хоёрдугаар байр эзэлсэн харваачид гарамгай харваач, нэг түрүүлсэн харваачид улсын мэргэн, улсын мэргэн цолтон түрүүлбэл улсын даян мэргэн, улсын даян мэргэн цолтон түрүүлбэл улсын даяар дуурсах мэргэн, улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл улсын дархан мэргэн цол олгохоор тусгажээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, "Цол зэрэг олгох асуудлыг тухайн спортын мэргэжлийн холбоо нь шийддэг байх нь оновчтой. Асуудал бүрийг хуульчлах шаардлагагүй" гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, "Зөвхөн сурын цол зэргийн асуудлыг оруулж ирэх бус, улсын баяр наадмын хуулийг цогцоор авч үзсэн хуулийн төсөл өргөн барьсан бол илүү далайцтай байх байлаа" гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь дэмжлээ. Ингэснээр тус хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болж байна.
Б.Туул