УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан төрд 100 сая төгрөг хандивлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан эдийн засгийн хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор төрд 100 сая төгрөгийн хандив өргөж байгаагаа өнөөдөр мэдээлэв.
Тэрбээр, “Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад бүх нийтийн оролцоог хангах зорилгоор төрд хандив өгөх уриалгыг Гавъяат эдийн засагч Б.Осоргарав гаргасан байна. Энэхүү санаачлагад нэгдэж, эдийн засгийн хүндрэлийг хамтдаа даван туулахыг УИХ-ын гишүүд, хувийн аж ахуйн нэгжүүд болон алба хаагчдыг нэгдэхийг уриалж байна” хэмээв.
580 сая ам.долларын өрийг төлөхөд төрдөө тодорхой хэмжээний тусламж үзүүлэх зорилт тавьж байгаагаа УИХ-ын гишүүн Н.Оюундарь хэлэв. Тэрбээр, “Манай нөхөр бизнес эрхэлдэг. Түүнтэйгээ ярилцаж байгаад хэдэн төгрөгийн хандив өргөхөө шийдвэрлэх болно” гэлээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авав.
-Засгийн газар эдийн засгийг өргөх хөтөлбөр батлаад нилээдгүй хугацаа өнгөрлөө. Олон улсын валютын сангаас тусламж авах эсэх нь тодорхойгүй удаашралтай байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Ер нь ямархуу эдийн засгийн нөхцөл байдалтай Засгийн газар хүлээж авсныг бүгд мэдэж байгаа. Үүнийг өргөс авсан мэт хурдан сэргээх боломж хомс. Үүнд тодорхой хэмжээний хугацаа шаардлагатай. 2016-2020 он хүртэл тодорхой зорилт тавьсан. Ирэх хавраас үр дүн нь гарч ирнэ. Монгол Улсын эдийн засаг уул уурхай, барилга зэргээс шалтгаалан улирлын шинж чанартай байдаг. Тиймээс Цагаан сарын дараа бүх ажил эхэлнэ.
-Та “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаад, шүүхийн шийдвэрээр тогтоох ёстой. Тэгж байж хувийн өмчийг төрийн эзэмшилд авах нь зөв гэсэн байр суурьтай байгаа.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал