Цагдаагийн албаны тухай хуулиар АН-ын бүлэг завсарлага авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-01-31 12:23:47

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч АН-ын бүлэг завсарлага авлаа.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Цагдаагийн албаны тухай хуульд алба хаагчийн эрх зүйн байдал болон цагдаагийн байгууллагын зарим үйл ажиллагаатай холбоотой харилцааг тусдаа хуулиар зохицуулахаар тусгасан. Гэвч дээрх зохицуулалтуудыг агуулсан тусгайлсан хууль одоог хүртэл батлагдаагүйн улмаас цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгаа, хөдөлмөрийн дотоод харилцаа зэрэг олон зохицуулалтууд нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг журмаар зохицуулагдаж байгаа юм. Мөн биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэхтэй холбоотой харилцааг зөвхөн журмаар зохицуулж иржээ. Тиймээс хуулийг шинэчлэн боловсруулж, дээрх дутагдалтай заалтуудыг нэмж байгаа юм.

Уг хуулийн төслийг АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцээгүй байгаа юм. Төрийн томоохон албаны тухай хуулийн төсөл тул бүлгийн хуралдаанаар хэлэлцэх зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс Дэгийн тухай хуулийн дагуу ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлтэй байна хэмээн АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ танилцуулав.

Хууль зүйн байнгын хороон дарга Ш.Раднаасэд, “Хуулийн төслийг нэн даруй хэлэлцэж батлах шаардлагатай байгаа. Тиймээс нэг хоногийн завсарлага олгож байна. Энэ хугацаанд хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгтэй уулзаж, санал, дүгнэлтээ оруулах боломжтой” гэлээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ