Сумоч А.Хүчитбаатар бурханы оронд одлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-01-31 12:19:51

Японы мэргэжлийн сумо бөхийн ертөнцөд нэрээ дуурсгаж, сумо бөх сонирхогчдыг төдийгүй монгол түмнийхээ хайр хүндлэлийг хүлээж ирсэн Токитэнкү А.Хүчитбаатар цусны хорт хавдрын хүнд өвчний улмаас бурхны орныг зорилоо.

Тэрбээр өнгөрсөн оны нэгдүгээр сарын Хацү башё эхлэх үед цусны хорт хавдар туссан гэдгээ дэвжээний ояката Токицүказэгээр дамжуулан олон нийтэд мэдэгдсэн. Энэхүү хүнд өвчтэй тэмцсэн эмчилгээний явцдаа А.Хүчитбаатар 20 орчим кг турж, “Lymphoma” гэх цусны хорт хавдрын улмаас бүтэн жилийн хугацаанд тасралтгүй химийн эмчилгээ хийлгэсэн ч үр дүнд хүрээгүй нь харамсалтай.

Токитэнкү А.Хүчитбаатар 2002 оны 7 дугаар сард анх удаа мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд барилдсан төдийгүй дээд зиндаанд нийтдээ 548 ялалт байгуулж, 84 башёд барилджээ. Тэрбээр  жүүрёо, санданмэ, жонидан, жонокүчи зиндаанд тус тус нэг удаа түрүүлсэн юм.

Мөн А.Хүчитбаатар уран барилдааны шагналыг нэг удаа хүртэж байсан бөгөөд 2007 оны 3 дугаар сард мэргэжлийн сумо дахь хамгийн өндөр амжилт гаргаж зүүний комүсүби цолонд хүрч байсан билээ.

Арлын Японд эх орноо төлөөлөн барилдсан олон аавын хөвгүүдийн манлайлагчдын нэг байж, мэргэжлийн сумо бөхийн ертөнцөд Монгол Улсынхаа нэрийг гаргаж, алдраа мандуулж явсан шилдэг сумочдын нэг Токитэнкү А.Хүчитбаатарын ар гэр, анд нөхөд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ