"Лалын улс"-ын 40 босогчийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-19 11:01:18

ДАМАСК. /ВВС/. Сирид өгсөн агаарын цохилтоор “Лалын улс” бүлэглэлийн 40 босогчийг устгасан байна гэж Их Британид төвтэй ажиглагчдын баг мэдэгдэв.

Хама мужийн зүүн хэсэгт шөнийн цагаар явж байсан 16 машинтай босогчдын цуваа агаарын цохилтод өртсөн гэж Сирийн Хүний эрхийн ажиглалтын байгууллага мэдэгджээ.

"Агаараас цохилт өгсөн онгоцууд ОХУ эсвэл Сирийн хүчнийх байж магадгүй. АНУ тэргүүтэй эвслийнх биш байсан" гэж тус байгууллагын тэргүүн мэдэгдсэн байна.

Үйл явдал болж буй газар дээрх эх сурвалжуудын сүлжээг ашиглан Сири дэх мөргөлдөөнийг хянадаг тус байгууллага, цуваа агаарын цохилтод өртөх үедээ “Лалын улс”-ын нийслэл Ракка хотоос хөдөлж байсан гэж мэдэгджээ.

Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг эсэргүүцэгч босогчдын бүлэглэл болон “Лалын улс”-ын босогчидтой тэмцэх зорилгоор ОХУ өнгөрсөн сараас Сирид агаарын цохилт өгөх ажиллагаа эхлүүлсэн билээ.

“Лалын улс” бүлэглэлийн байрлалд агаараас цохилт өгч байсан АНУ тэргүүтэй эвсэл ОХУ-тай хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ