Монголын бөмбөгтэй хоккейчид ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭМонголын бөмбөгтэй хоккейчид буюу бэндичид Швед улсад болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж Монголдоо энэ спортын төрлөөр түүхэн амжилтын эздээр тодорч, нэр алдраа дуурсгалаа.
Бэндигийн ДАШТ-ий "B" ангилалд өрсөлдсөн Монголын шигшээ баг хүрэл медалийн төлөөх тоглолтонд Японы шигшээ багийг 6:5 гэсэн оноогоор хожлоо. Энэ бол Монголын багийн спортын түүхэнд насанд хүрэгчдийн ангиллын ДАШТ-ээс хүртсэн анхны медаль болж байна.
Манай хоккейчид хагас шигшээд хоккейн спорт өндөр хөгжсөн Канадын шигшээ багтай өрсөлдөж 4:3-аар хожигдсон юм. Бөмбөгтэй хоккейн ДАШТ-ий А ангилалд ОХУ, Швед, Финланд, АНУ, Герман, Норвеги, Беларус, Казахстаны багууд өрсөлдөж байгаа юм. Харин В ангилалд Канад, БНХАУ, Чех, Унгар, Япон, Монгол зэрэг 10 орон багтсан юм.
Манай хоккейчид Япон, Унгар, Украины багуудтай нэг хэсэгт багтаж хэсгээ 100 хувийн амжилттай тэргүүлсэн. Улмаар шөвгийн наймд нөгөө хэсгийн гуравдугаар байраар шалгарсан Голландтай таарч, 6:2-оор хожсон ч Канадын багт ганц голын зөрөөгөөр ялагдсан.
Д.Өлзий