Зарим эмийн сангийн энэ сарын лимит хоёр өдрийн дотор дуусчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймгийн хэмжээнд сумдын 18, аймгийн төв Эрдэнэбулган суманд 4 гээд нийт 22 эмийн сан томуугаар өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмийг 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна. Өвчлөл их байгаатай холбоотойгоор эм олгож байгаа зарим эмийн сан 1-р сарынхаа лимитийг хоёр өдрийн дотор өгч дууссан байна.
Эцэг эхчүүдийн зүгээс энэ арга хэмжээг сайшааж байгаа ч нөгөө талаар зааж өгсөн 30 нэр төрлийн эмээс өндөр үнэтэй эмийг бичүүлж авч байгаа нь НДС-гаас гарч мөнгийг өсгөхөд хүргэж байгаа гэнэ.
Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын мэдээлснээр зөвхөн аймгийн төвийн 4 эмийн сангаас 1 сарын 15-наас 27-ны хооронд 3,5 сая төгрөгийн эм гарчээ. Сумдаас мөнгөн дүнгийн мэдээлэл ирээгүй байна. Цаашид нэг сарын хугацаанд томууны эрчимжилт энэ хэвээрээ байвал аймгийн хэмжээнд эмийн хөнгөлөлтийн дүн өндөр гарна гэдгийг хэлж байна.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 01-р сарын 07-ны өдрийн “Томуу томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн ууж хэрэглэх эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх тухай” 01 тоот тогтоол гарсан. Энэ тогтоол 01 сарын 7-ноос 03-р сарын 1 хүртэл хоёр сарын хугацаанд үргэлжилнэ.
Б.Гэрэлт-Од