"Бүжиглэдэг бактериуд"-ыг нээн илрүүлжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
adiyakhuu@montsame.mn
2017-01-27 14:54:42

МОСКВА./TASS/. Бактериуд нь “флэшмоб” маягийн хөдөлгөөнт бүжгийг санагдуулахаар зохион байгуулалттай хөдөлгөөнд ордог болохыг Хонконг дахь Хятадын их сургуулийн биофизикчдийн удирдлага дор ажиллаж буй олон улсын эрдэмтдийн баг нээн илрүүлжээ.

Ийм хөдөлгөөн хийдэг механизмын учрыг тайлснаар роботтехникийн салбар, эмбрионуудын үүслийн судалгаа болон микробиологи, био анагаах ухааны хөгжилд томоохон дэвшил гарах юм. Судалгааны дүнг Nature сэтгүүлийн цахим хувилбарт нийтэлжээ.

Судалгааны тайланд дурдсанаар “бактерийн нягт суспензи дотор олон сая хөдөлгөөнт эсүүд зохион байгуулалтад орсноор хамтын идэвхтэй хөдөлгөөн үүсдэг. Үүний сацуу зарим эсүүд эмх замбараагүй хөдөлгөөнтэй байдаг ба хөдөлгөөнийхөө чиглэлийг огцом өөрчилдөг байна”.

Эс бүр өөрийн дуртай чиглэлд хөдөлж байгаа мэт боловч эсүүдийг бүхэлд нь ажиглахад нэгэн хэмийн синхрон хөдөлгөөн хийж байгааг олж нээжээ. Үүнийг нээснээр эмбрион болон биеийн эрхтнүүд бүрэлдэх үйл явц, нейроны сүлжээн дэх зохицуулалтын механизм зэрэг биологийн олон төрлийг процессыг судлахад тус дөхөм болох юм.  

“Энэхүү хамтын хөдөлгөөнт хэлбэлзэл нь санамсаргүй траекторийн сул синхрончлолын анхны тохиолдол юм. Энэ үзэгдэл нь тэнцэрт бус систем дэх өөрөө зохион байгуулагдах үйл явцыг илүү сайн танин мэдэхэд ойлгоход тус дөхөм болно. Сул синхрончлол үүсэх механизм нь төвлөрсөн удирдлагагүйгээр хамтын ажлыг гүйцэтгэж чадах роботуудыг зохион бүтээхэд хэрэгтэй” гэж судалгааны тайланд дурджээ.

Бактерийн бүлгүүдийг ажиглах туршилтууд болон Франц, Хятадын эрдэмтдийн хамтран боловсруулсан математик загварчлалд тулгуурлан уг судалгааг хийжээ. 

Б.Адъяахүү 

Холбоотой мэдээ