"Сүйрлийн цаг"-аар дэлхий сөнөхөд 2 мин 30 секунд үлдээд байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2017-01-27 14:54:30

ВАШИНГТОН. /ВВС/.Doomsday Clock” буюу “Сүйрлийн цаг”  гэдэг бэлгэдлийн цагийн минутын зүү шөнө дунд болоход ойртсоор байна. Цөмийн зэвсэг, уур амьсгалын өөрчлөлт болон бусад хүчин зүйлийн нөлөөгөөр хүн төрөлхтний соёл иргэншил устаж үгүй болоход улам бүр ойртсоор байна гэж АНУ-ын "Bulletin of the Atomic Scientists" буюу “Цөмийн судлаачдын эмхэтгэл” гэдэг сэтгүүл анхааруулжээ.

Тус сэтгүүлийн судлаачдын баг өчигдөр Вашингтон хотод хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “шөнө дунд болоход 30 секундээр ойртсоноор “Сүйрлийн цаг”-аар дэлхий сөнөхөд 2 мин 30 секунд үлдээд байна” гэж анхааруулсан байна.

АНУ, ОХУ хоёр олон асуудлаар, тухайлбал Сирийн хямралын талаар санал зөрөлдөөнтэй хэвээр байгаа учраас “Сүйрлийн цаг”-ийн зүүг судлаачид урагшлуулжээ. Энэ хоёр улсад дэлхий дээрх цөмийн зэвсгийн нөөцийн 90 гаруй хувь байдаг юм.

Мөн Умард Солонгос цөмийн туршилтыг удаа дараа хийж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цөмийн зэвсэг ашиглахгүй гэх газаргүй байгаа болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг тэрбээр үгүйсгэн “зохиомол сэдэв” мэтээр үзэж байгаа зэрэг нь "Сүйрлийн цаг”-ийн зүүг урагшлуулахад хүргэсэн байна.

1953 онд АНУ болон ЗХУ устөрөгчийн бөмбөг туршсаны дараа “Сүйрлийн цаг”-ийн зүүг шөнө дунд болоход ердөө 2-хон минут дутуу болгон урагшлуулж байжээ. Харин хүйтэн дайн дууссаны дараа 17 минут болгон ухрааж байсан байна.

Тэгвэл цөмийн зэвсгийг хураах хүчин чармайлтад төдийлөн ахиц гарахгүй байгаагийн улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ цагийн зүү шөнө дунд болоход ердөө 3 минут дутуу байна гэдгийг хүн төрөлхтөнд анхааруулж байсан юм.

“Сүйрлийн цаг” гэж юу вэ?

“Сүйрлийн цаг”-ийн минутын зүү нь дэлхий сүйрэхэд хэр ойрхон байгааг илтгэдэг юм.

Цөмийн зэвсгийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Цөмийн судлаачдын эмхэтгэл” сэтгүүлийн эрдэмтдийн баг 1947 онд энэхүү цагийг бий болгож байжээ.

Анхны цөмийн зэвсгийг хийхэд оролцсон эрдэмтэн судлаачид 1945 онд Чикагогийн их сургуульд уг сэтгүүлийг үүсгэн санаачилсан аж.

Өнөөдөр тус байгууллагад дэлхийн олон улс орны физикчид, байгаль орчныг судлаачид ажиллаж байна. Тэд тус байгууллагын Ивээн тэтгэгчдийн зөвлөлийн гишүүд, тэдний дотор Нобелийн шагнал хүртсэн 15 эрдэмтэнтэй зөвлөлдсөний үндсэн дээр цагийн зүүг урагшлуулах эсвэл ухраах эсэхийг шийддэг байна.

1947 онд энэ цагийг бий болгож байх мөчид минутын зүү нь шөнө дунд болоход 7 минут дутуу байжээ. Тэр цагаас хойш энэ цагийн зүүг 22 удаа өөрчилсөн байна. 

Цөмийн зэвсгийн тархалт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий дахинд тулгамдаж буй аюулууд нэмэгдэх болсонтой холбоотойгоор хамгийн сүүлд 2015 онд энэ цагийн минутын зүү шөнө дунд болоход 5 минут дутуу байсныг нь 3 минут болгон урагшлуулж байжээ.

Одоо энэ цагийн минутын зүү нь сүүлийн 20 гаруй жилийн түүхэнд байгаагүйгээр "дэлхийн сүйрэл"-д ойртож очоод байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ