Сурын холбооныхон тэргүүндээ нум сум дурсгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-01-26 22:37:02

Баянхонгор аймгийн Үндэсний сурын холбооны тэргүүлэгч харваачдын зөвлөлөөс аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Үндэсний сурын холбооны тэргүүн Ц.Отгонбаярт аймагтаа үйлдвэрлэсэн анхны нум сумыг дурсгалаа.

Уг нум сумыг Баянхонгор аймгийн Үндэсний сурын холбооны тэргүүлэгчид өөрсдийн гараар урласан гэдгээрээ онцлог. Тус холбоо нь 2017 онд үндэсний сур харвааг хөгжүүлэх, хүүхэд залуус, ирээдүй  хойч үедээ өвлүүлэн үлдээх тал дээр анхаарч олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүний эхлэл болж Баянхонгор аймгийн Үндэсний сурын холбооны дэргэд "Цэц мэргэн" клубыг байгуулаад байгаа аж.  Тус клуб үйл ажиллагаа явуулж эхэлснээр тамирчдын ур чадвар дээшлэх, сурын спортын цар хүрээг нэмэгдүүлэх зэрэг олон чухал ач холбогдолтой байхыг холбооныхон хэлсэн юм.

"Баянхонгор аймагт сурын спортын хичээллэгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Цаашид аймаг, орон нутгийн зүгээс үндэсний сурын спортыг хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллана" гэдгээ аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Үндэсний сурын холбооны тэргүүн Ц.Отгонбаяр онцолж байв.

                                                                                                                   Б.Мөнхзул

Холбоотой мэдээ