Онцгой байдлын алба хаагчдын цалингийн нэмэгдлийг 20 хувь болгох санал гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх, хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.
УИХ-аар 2003 онд баталсан Гамшгаас хамгаалах тухай хууль гамшгаас хамгаалах менежментийн үйл ажиллагааны үе шатыг бүрэн тодорхойлоогүй, хүмүүнлэгийн тусламжтай холбогдсон харилцаа зохицуулагдаагүй зэрэг дутагдалтай талууд олон байгаа юм. Иймээс одоо мөрдөж байгаа гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг боловсронгуй болгож, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах зэрэг эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагыг үндэслэн хуулийг шинэчлэн найруулсан байна.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс 138 зарчмын болон найруулгын зөрүүтэй санал боловсруулсныг байнгын хорооны дарга Ж.Энхбаяр танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ОБЕГ, ХХЕГ зэрэг цэрэгжсэн байгууллагуудын хуулийг нэг стандартаар боловсруулах хэрэгтэй хэмээв. Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр, “Энэ хуулийг Батлан хамгаалахын багц хуультай уялдуулан боловсруулсан” гэсэн хариулт өгөв.
Ийнхүү ажлын хэсгээс боловсруулсан санал тус бүрээр санал хураалт явуулав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ц.Цогзолмаа нараас гаргасан “Онцгой байдлын алба хаагчдын албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийн хэмжээг 10 байсныг 20 хувь болгож нэмэгдүүлэх” санал гаргасныг олонх дэмжлээ. Түүнчлэн гамшигт өртсөн иргэдэд анхан шатны тусламж үзүүлэх сургалтыг МУЗН-тэй хамтран зохион байгуулах саналыг дэмжив.
Ч.Ариунболд