Израилийн тал Баруун эрэгт 2500 айлын орон сууц барина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-01-25 15:45:28

ТЕЛЬ-АВИВ. /Xinhua/. Иордан голын Баруун эрэгт 2500 айлын сууц барих төлөвлөгөөг Израилийн Засгийн газар баталжээ.

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Батлан хамгаалахын сайд Авигдор Либерман нар энэ тухай мэдэгдлээ.

Зүүн Иерусалимд 560 айлын сууц барих төлөвлөгөөг Иерусалим хотын захиргаа өнгөрсөн ням гарагт мөн баталсан байна. 

Булаан эзэлсэн газар оронд еврейн суурингууд барьж байгаа Израилийг олон улсын хамтын нийгэмлэг зэмлэн буруушаагаад “Израилийн энэ үйлдэл палестинчуудтай энхийн хэлэлцээ хийхэд саад болно” гэв.

Суурингийн асуудлаар Израилийг дэмжсэн байр суурьтай байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь нэг бус удаа илэрхийлж байсан юм.

Мөн суурингууд барихыг дэмждэг хүнийг тэрбээр АНУ-аас Израильд суух Элчин сайдаар томилох бодолтой байна.

Израилийн Ерөнхий сайд Нетаньяху твиттер хуудсандаа “бид байшин барилга барьж байна. Цаашид ч барих болно” гэж бичжээ.

Д.Трамп, Б.Нетаньяху нар ирэх сард Вашингтонд уулзахаар товлосон байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ