Сирийн асуудлаарх Астанагийн хэлэлцээ дууслаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-01-25 08:04:52

АСТАНА./Kazinform/. Сирид хэрэгжүүлж буй гал зогсоох хэлэлцээрийг үргэлжлүүлэх нөхцлийг хангах механизм бий болгохоор талууд тохиролцсон гэж Орос, Турк болон Иран мэдэгдлээ.

Тус гурван улс мягмар гарагийн орой хамтарсан мэдэгдэл гаргаснаар Казахстаны нийслэл Астана хотод хийсэн Сирийн асуудлаарх хоёр өдрийн хэлэлцээ дуусчээ.

ОХУ болон Иран нь Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Асадын засгийн газрыг дэмждэг бол Турк улс сөрөг хүчнийг дэмждэг юм. Энхийн хэлэлцээг Орос болон Турк даргалжээ.

Хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, Сирийн хямралыг улс төрийн яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхийн тулд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл тогтоол батлах хэрэгтэй.

Уг мэдэгдлийг гаргахад Сирийн засгийн газар болон сөрөг хүчний төлөөлөгчид биечлэн байлцаагүй байна.

12 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн гал зогсоох хэлэлцээрийг тасалдуулахгүй байх зорилгоор энхийн хэлэлцээг хийсэн юм. Сирийн нийслэл Дамаск хотын захын дүүргүүд болон зарим газарт байлдааны ажиллагаа үргэлжилсээр байна.

Гал зогсоох хэлэлцээрийг зөрчиж байна гэж Сирийн сөрөг хүчнийхэн Асадын Засгийн газрыг буруушааж байна. Харин тус улсын Засгийн газар мэдэгдэхдээ “манай цэргүүд гал зогсоох хэлэлцээрт нэгдээгүй террорист бүлэглэлүүдэд цохилт өгч байгаа” гэв.

НҮБ-ын зуучилснаар Сирийн сөргөлдөгч талууд ирэх сарын 8-нд тусдаа энхийн хэлэлцээ хийхээр болжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ