Цэргийн албаны тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-01-24 17:47:44

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах саналыг дэмжив.

Хуулийн төсөлд цэргийн байгууллагад 25 жил ажиллаж тэтгэвэр тогтоолгосон иргэн энгийн байгууллагад ажиллаж, нийгмийн даатгал төлсөн бол ажилласан жил тутмыг цэргийн байгууллагад 6 сар ажилласантай тэнцүүлэн тооцож, тэтгэврийн нэмэгдэл олгоно. Харин цэргийн байгууллагад 25 жилээс удаан алба хаасан бол илүү ажилласан жил тутмыг 1.5 хувь, сар тутмыг 0.125 хувиар тооцож, тэтгэврийн нэмэгдэл олгохоор заажээ. Хуулийг хэрэгжүүлэхэд жилд 260.2 сая төгрөг, сард 20 гаруй сая төгрөг шаардлагатай хэмээн Засгийн газар үзжээ.

УИХ-ын гишүүд, цэргийн албан хаагчид ажиллаж байх үедээ цолны нэмэгдэл гэж авдаг бөгөөд тэтгэвэрт гарсны дараа тогтоолгосон тэтгэвэр дээрээ цолны нэмэгдлээ үргэлжлүүлэн авах асуудлыг хуульд тусгаж болох эсэх талаар тодруулж байлаа. ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, "Цэргийн албан хаагчид алба хашиж байх хугацаандаа цолны цалинг давхар авдаг. Чөлөөнд гарах үед нь цолны нэмэгдэл орсон нийт цалингийн 80 хувиар тооцон тэтгэврийг тогтоодог юм. Өөрөөр хэлбэл, цолны нэмэгдэл тэтгэвэрт ордог" хэмээн хариулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн зүгээс зарчмын болон найруулгын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зөв хэмээн С.Чинзориг гишүүн хэлсэн. Түүний саналыг гишүүдийн олонх дэмжлээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Холбоотой мэдээ