Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын 26-нд явуулах товыг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тус байнгын хорооны дарга Н.Энхболд гадаадад томилолттой яваа тул хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан даргалав. Хуралдааны эхэнд тогтоолын төслийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн танилцууллаа.
Тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2017 оны зургадугаар сарын 26-ны өдөр, хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн саналыг зургадугаар сарын 10-11-ний өдөр явуулахаар тусгажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжлээ.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ