Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-01-24 13:42:50

Баянхонгор сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий боловсролын сургуулийн 1-8 дугаар анги, хүүхдийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр хааж /тодорхойгүй хугацаагаар/ зогсоох аймгийн Засаг даргын захирамж гарлаа.

Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн нийт үзлэгийн 13.8 хувь, Баянхонгор сумын хэмжээнд 17 хувийг эзэлж дэгдэлт хэлбэрээр явагдаж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 358 дугаар тушаалыг үндэслэн тус захирамжийг гаргажээ. Мөн олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл урлагийн тоглолт, үзвэр үйлчилгээ зэрэг арга хэмжээг энэ сарын 25-наас хоёрдугаар сарын 10-ныг хүртэл хугацаанд зохион байгуулахгүй байхаар захирамжилсан байна. Түүнээс захирамжийн хүрээнд баар, ресторан, зоогийн газруудыг 21 цагаас хойш ажиллуулахгүй байхыг үүрэг болгожээ.

Мөн амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт болон гэрээрээ 3-5 хоног асарсан, ажил хөдөлмөр эрхэлж байгаа ажилтанд эмнэлгийн магадлагааг үндэслэн цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт даалгалаа.

                                                                                                                      Б.Мөнхзул

Холбоотой мэдээ