Оросын иргэдийн архины хэрэглээ эрс буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
adiyakhuu@montsame.mn
2017-01-24 12:44:10

МОСКВА./TASS/. Нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ ОХУ-д 2009 оноос хойших хугацаанд 1,5 дахин буурсан тухай “Роспотребнадзор” буюу тус улсын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах төрийн байгууллага мэдээллээ.

“Нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ 2009 онд 15 л байсан бол одоо 10 л болж буурсан” гэсэн тооцоог тус байгууллага шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн хийжээ.

Сүүлийн жилүүдэд худалдан авагчийн нас, архи борлуулах газар, борлуулах цагийн хуваарь зэрэгт хязгаарлалт тогтоож, хатуу шаардлага тавих болсон, түүнчлэн согтууруулах ундааны доод үнийг тогтоож, ийм төрлийн бүтээгдэхүүний зар сурталчилгааг хориглох зэрэг арга хэмжээ авсны үр дүнд нааштай өөрчлөлтүүд гарч байгааг “Роспотребнадзор” онцлон тэмдэглэсэн байна.

ДЭМБ-ын хийсэн тооцоогоор, нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ жилд 8 л-ээс илүү байвал хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэж үздэг ажээ. Ийм учраас согтууруулах ундааны зохисгүй хэрэглээний цар хүрээг 2020 он хүртэлх хугацаанд бууруулахад чиглэсэн төрийн бодлогын үзэл баримтлалд тусгасан арга хэмжээг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж "Роспотребнадзор" үзэж байна.   

Мэдээлэлд дурдсанаар, 2009 оноос хойших хугацаанд архины гүн хордлого авсан тохиолдлын тоо 34 хувиар, “архинаас хамааралтай” гэсэн оноштойгоор эмнэлгийн хяналтад байгаа хүмүүсийн тоо 37 хувиар тус тус буурчээ.

Б.Адъяахүү   

Холбоотой мэдээ