“Хотын соёлыг төлөвшүүлэх жил”-ийн хүрээнд 20 гаруй ажлыг хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-01-23 13:27:34

Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд хотын Захирагч Ж.Мөнхсоёл шинэ оны А/01 тоот захирамжаараа Баянхонгор сум 2017 оныг “Хотын соёлыг төлөвшүүлэх жил” болгон зарлажээ.

Хүүхэд залуусыг соёлтой иргэн болгож төлөвшүүлэх, байгууллага, иргэн, аж ахуйн нэгжүүдийг хотын соёлын жишигт хүрсэн орчин нөхцөл, харилцаа үйлчилгээнд хэвшүүлэхэд иргэдийн ухамсар хандлага чухлыг албаныхан онцолж байна.

Тиймээс ч “Хотын соёлыг төлөвшүүлэх жил”-ийн ажлын хүрээнд “Соёлч иргэний дуу хоолой” ТВ шууд утас ажиллуулах, “Хоггүй цэвэрч хот” аян өрнүүлэх, албан байгууллага аж ахуйн нэгжийг гаднах орчноо тохижуулах, цэвэр цэмцгэр байлгах ажлууд өрнөнө. Мөн ногоон байгууламжийг арчилж хамгаалахад мэргэжлийн зөвлөгөө өгч хамтран ажиллах, “Цэвэрч иргэн” цуврал ТВ шторк бэлтгэн орон нутгийн телевизээр цацах зэрэг 20 гаруй ажлыг хийхээр төлөвлөжээ.

                                                                                                                     Б.Мөнхзул

Холбоотой мэдээ