Дорноговь аймаг Эрээн хот руу мах экспортолно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-01-22 16:07:01

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Эрээн хотод энэ сарын 13-нд зочилж Эрээн хотын Засгийн ордны төлөөлөгчидтэй уулзаж ажил хэргийн яриа өрнүүлсэн. Уулзалтаар  Эрээн хотын хүнсний махыг Дорноговь аймгаас бэлтгэж болох талаар талууд ярилцжээ.

Эрээн хот одоогоор 70 гаруй мянган хүн амтай. Ялангуяа бог мал буюу хонь, ямааны махыг Дорноговь аймгаас бэлтгэж болох төдийгүй Эрдэнэ, Замын-Үүд  сумын дунд хяналтын бүс тогтоож мах нядалгааны цэг харилцан байгуулж, малын махыг ариун цэврийн үзлэг шинжилгээнд оруулан нядлаад, хөргүүртэй машинаар хятадын тал  руу зөөх боломж байгаа аж.

Мөн Дорноговь аймгийн малын махыг эрүүлжүүлэх, тэр тусмаа хилд ойр байдаг Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд, Улаанбадрах, Хөвсгөл  сумын малын махыг эрүүлжүүлэхэд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх, вакцины асуудлыг шийдэх боломж байгаа талаар Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин ярив.

Гэхдээ вакциныг хоёр аймаг шууд гэрээ хийгээд шийдчихэж болохгүй заавал ХХААЯ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлж  шийдвэрлэдэг байна.

Дорноговь аймаг нэг сая, 752 мянга, 600 толгой малтай бөгөөд үүний 758.3 мянга нь хонь, 774.9 мянга нь ямаа  байгаа нь урд хөршид бог малыг тодорхой хэмжээнд экспортлох боломж байгаа аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ