Дорноговийн залуус “МАК”-ийн цементийн үйлдвэртэй танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-01-22 01:18:15

Дорноговь аймгийн удирдлага “Монголын алт” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллахаар гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу дээрх компани Даланжаргалан сумын нутагт бүтээн босгож байгаа Хөх цавын цементийн үйлдвэртээ ажиллуулахаар 150 хүнийг Дорноговь аймгаас бүртгэсэн юм. Тэгвэл энд ажиллах хүмүүс энэ сарын 15-нд цементийн үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа.

Нийгмийн хариуцлагын хүрээнд уул уурхайн энэ томоохон компани Дорноговь аймгаас анх удаагаа 150 хүнийг ажлын байраар хангахаар болж байгаад нутийн залуус ам сайтай байна.

Залуусыг  цементийн үйлдвэрт очиход үйлдвэрийн аюулгүй ажиллагааны инженер Б.Ариунжаргал, уурхай хариуцсан дарга н.Лхагвадорж нарын хүмүүс угтаж ажлаа танилцуулав.

Үйлдвэрийн ажилтнууд зорин ирсэн хүмүүст хамгийн түрүүнд аюулгүй ажиллагааны зааварчилгаа, дүрэм журмыг танилцуулж тэднийг хэсэг хэсгээр нь дагуулан явж үйлдвэрийн ажиллагааг сонирхуулав.  

ХӨХ ЦАВЫН ЦЕМЕНТ ШОХОЙН ҮЙЛДВЭРИЙН АЮУЛГҮЙ                                                    АЖИЛЛАГААНЫ ИНЖЕНЕР Б. АРИУНЖАРГАЛ:

Дорноговь аймгаас манай үйлдвэрт ажиллахаар бүртгүүлсэн хүмүүст үйлдвэрийн үйл ажиллагааг танилцууллаа.

Тэдэнд хамгийн түрүүнд  хөдөлмөр аюулгүй байдлын урьдчилсан зааварчилгаа өглөө. Ажилд албан ёсоор орсны дараа гурван сар тутамд давтан зааварчилгаа өгдөг. Үйлдвэрт ажиллах хүмүүс юун түрүүнд технологийг ажиллуулах чадвартай, ажлын сахилга хариуцлагатай, зөв дадал хэвшилтай байх ёстой.

Энэ удаа зөвхөн танилцах аялал учраас бид ерөнхий үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч байна. Тухайлбал, ажлын байранд аюулгүй ажиллагаа гэдэг ямар  чухал зүйл болохыг, үүнийг хэрхэн сурч, мөрдөж ажиллах тухай ерөнхий ойлголт. Үйлдвэрийн хувьд барилга угсралтын ажил дууссан. Одоо технологийн горимыг шалгах зэрэг ажил явагдаж байна.  

ХӨВ ЦАВЫН ЦЕМЕНТ ШОХОЙН ҮЙЛДВЭРИЙН УУРХАЙ                                                      ХАРИУЦСАН ДАРГА Н. ЛХАГВАДОРЖ: 

Манай үйлдвэрт ажиллахаар бүртгүүлж, эрүүл мэндийн анхан шатны үзлэгт тэнцээд ирсэн хүмүүст үйлдвэрийн технологи, үйл ажиллагааны хамгийн анхан шатны танилцуулгыг хийлээ.

Жишээ нь конвейр машины төхөөрөмж ямар зүйл байдаг тухай. Технологийн анхны мэдэгдэхүүн төсөөллийг өөрсдөд нь үзүүлсний дараа сургалтад хамрагдвал арай дөхөмтэй байх.

Манай үйлдвэр байгаль орчинд ээлтэй, хамгийн сүүлийн үеийн технологи ашиглаж байгаа төдийгүй ажиллагааг бүрэн автоматжуулсан. Эдгээр залуучууд хамгийн анхны оператор болж байгаа нь ихээхэн боломж, хувь заяа юм. Мөн үйлдвэрт ажиллаад, практик дадлага эзэмшээд ирэхлээр дараагийн шинэ хүмүүстээ зааж сургах чадвартай ажилтнууд болж төлөвшинө.

Үйлдвэрээс 13 км-ийн зайтай Хөх цавын  шохойн уурхай бий. Мөн  410 км-ийн цаана Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд Гөлтгөнийн уурхай буй бөгөөд тэндээс гөлтгөнийг тээвэрлэдэг байна.

Мөн долоон км-ийн зайтай шаврын орд бий гээд түүхий эд, технологийн хувьд  “МАК” ХХК-ийн энэхүү үйлдвэр нь нэгэн том цогц бүтээн байгуулалт болж чаджээ. Үйл ажиллагааны ерөнхий процессыг товч дурдвал  эхлээд түүхий эдээ шатааж бэлдэц болгоно.

Дараа нь /клинкэр/ чулуунцарын  хэсэг дээрээ боловсруулж, тээрмийн хэсэг дээр тээрэмдэх гээд олон шат дамжлагаар боловсруулж  савлах үйлдвэр рүү шилжүүлдэг байна.  Бутлуурын индэр, савлах үйлдвэр, вогоноор цемент зөөх хэсэг, цемент нэрэх тээрэм, бутлуурын дамжуулгын хэсэг, хөргүүрийн хэсэг гээд олон барилга байгууламж сүндэрлэжээ.

Мөн авто засварын хэсэг, багаж төхөөрөмж хадгалах байгууламж, үйлдвэрийн үйл ажиллагааг шууд хянах төв байр, эмнэлэг, ажилчдын байр гээд чамгүй бүтээн байгуулалтыг хийжээ. Үйлдвэрийн ажилчид 28 хоног ажиллаж 14 хоног амрах бөгөөд ажлын бус цагаараа спортоор хичээллэх, өөрийгөө хөгжүүлэх боломж нь нээлттэй.

Одоо  Дорноговиос үйлдвэр дээр  ажиллах 80 орчим хүнийг аймгийн МСҮТ-д сургаж байна.

Тэд бутлуурын оператор, хөргөгчийн оператор, бункерчин, бутлуурчин, конвейрийн машинч, стайкерийн оператор, рекламерийн оператор, краны оператор, тээрмийн оператор, урьдчилан халаах болон зуухны оператор, савлах хэсгийн оператор гээд автомат технологи дээр хэрхэн ажиллах талаар мэдлэг эзэмшээд л шууд ажлын байранд ажиллаж эхэлнэ.

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ