“Болор цом”-д оролцохоор 100 гаруй яруу найрагч бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-01-19 13:24:44

Ард түмний хүсэн хүлээдэг, өндөр нэр хүндтэй, үндэсний хэмжээний томоохон наадам болох “Болор цом” энэ сарын 28-нд Дорнод аймгийн төв Чойбалсан хотод болно. Бидний авсан мэдээллээр одоогийн байдлаар 100 гаруй яруу найрагч оролцохоор бүртгүүлээд байгаа гэнэ.

Монголын Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал М.Саруулдалай саяхан тус аймагт ирж наадмын бэлтгэл ажилтай танилцах үеэр нь уулзахад “2017 он бол Монголын Зохиолчдын эвлэлийн хувьд түүхэн ойн жил болж байна. Тухайлбал, Чадраабалын Лодойдамбын 100 жил, Чойжилын Чимэдийн 90 жил, Очирбатын Дашбалбарын 60 насны ой тохиож, 34 дэх удаагийн “Болор цом” наадмыг Данзангийн Нямсүрэнгийн 70 жилийн ойд зориулан Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба, аймгийн Засаг даргын тамгын газар, ”Дорнод гурил” ХХК, Монголын Үндэсний Олон нийтийн радио телевиз хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм гэж байлаа.

Эхний шалгаруулалтаас тунаж үлдсэн 30 яруу найрагч Дорнодод ирж тунан үгийн урлагаар өрсөлдөх нь. “Болор цом” наадамд оролцогчид Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн, Дорнын их яруу найрагч Данзангийн Нямсүрэн нарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, Хилийн цэргийн ангийн хилчин дайчид болон Дорнод Их сургуулийн оюутнуудтай уулзалт зохиох юм.

                                                                                                                               Б.Туяа

 

Холбоотой мэдээ