Орхонд сурагчдын амралтыг сунгах шаардлагагүй гэж үзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-01-19 10:02:53
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн БОЭТ, ЭМГ, Боловсрол, соёл урлагийн газрын удирдлагууд томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл хийлээ. Амбулаторийн нийт үзлэгийн 8.7  хувийг  уг өвчин эзэлж байна. Хүүхдийн хүлээн авах тасгаар 450 хүүхэд үйлчүүлсэн бол 78  хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Хэвтэн эмчлүүлэгчдийн 30.7 хувийг хатгаа туссан хүүхэд эзэлж байгаа талаар Эрүүл мэндийн газрын дарга М.Баттүвшин ярьлаа. Томуу, томуу төст өвчнөөр бага насны хүүхдүүд өвчлөх нь их байгаа гэнэ.  Энэ  сарын 18-ны байдлаар 841 хүүхэд өвчтэй гэсэн шалтгаанаар цэцэрлэгтээ ирээгүй гэж Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн хэллээ. Дээрх хүүхдийн 700  нь ханиад, томуу туссан ажээ.

Эл мэдээллийг сонссоны дараа аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал томуу, томуу төст өвчинг бууруулах  чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаа талаар тодруулахад, Эрүүл мэндийн газрын дарга М.Баттүвшин, “Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг ажлын өдрүүдэд 20, амралтын өдрүүдээр 16  цаг хүртэл ажиллуулж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалд томуугийн өвчлөл амбулаторийн нийт үзлэгийн 15 хувийг эзэлсэн тохиолдолд хорио цээр тогтоохоор заасан байгаа.  Одоогоор энэ үзүүлэлт аймгийн хэмжээнд 8.7 хувь байгаа учир сурагчдын амралтыг сунгах шаардлагагүй гэж үзэж байна” гэжээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ