Ж.Гэрэлмаа:ЭЕШ-ын босго шалгалтаар оруулна гэдэг чинь монгол хэл бичгийн үнэ цэнийг дээшлүүлсэн хэрэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-18 18:56:55

"Монголын сайхан бичигтэн"  Улсын уралдааны түрүү жилийн тэргүүн манлай, энэ жилийн уралдааны тусгай байрын шагналт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгоны ЕБС-ийн Монгол хэл уран зохиолын багш Ж.Гэрэлмаатай үндэсний бичиг соёл, болоод уралдааны талаар сонирхолтой яриа өрнүүллээ.  

-Энэ жил та МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос зохион явуулсан "Монголын сайхан бичигтэн"  Улсын уралдааны тусгай байрын эзэн болжээ. Өнгөрсөн жил тэргүүн байрын шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн гараас авч байсан санагдаж байна. Энэ удаа ямар төрлөөр оролцсон талаар яриагаа эхлэх үү?

-“Монголын сайхан бичигтэн" 20 дахь улсын уралдаанд энэ жил монгол бичгэн хээтэй монгол дээлээр оролцлоо. Миний дээлний онцлог гэвэл нөхөртөө зориулан монгол бөхийн босоо цагаан хийморийг бэлгэдэж, монгол бичигтэйгээ хэрхэн хослуулж болох талаар нэлээд бодож байж оёсон юм. Дээлний бүтцийн талаар гэвэл Хөх тэнгэр, Хөрст газар, Хүмүүн бичиг, Хүчирхэг Монгол гэдэг үгнүүдийг угалзан, дөврөлжин, эвхмэл бичгээр зээгт наамал, шаглаа, хонин холбоо, зэрэг уламжлалт оёдлуудыг шингээж өгсөн. Дээлний дөрвөн талруу Т.Галсан “Монгол үндэстэн”, С.Дулам “Хүмүүн бичиг”, Улаанхүү “Монгол дээл”, “Монгол омогшил” шүлгүүдийн хэсгээс хонин холбоогоор өнгө дагуу оёж, баруун ханцуйд “Дээлтэй монгол. Дэлхийг гоёно”, зүүн ханцуйд “Дэлгэсэн тэрлэг шиг монгол нутаг” гэх үгнүүдийг хар өнгийн утсаар өнгө ялган хонин холбоогоор оёсон.

-Ер нь жил бүр энэ уралдаанд оролцож байгаа таны бүтээлүүд их өвөрмөц санаатай байдаг л даа. Энэ жилийнх ч мөн адил бас л их сонин содон санагдлаа. Энэхүү уралдаанд жил бүр оролцож байгаа хүмүүсийн нэг яах аргагүй та мөн. Өнгөрсөн жил түрүүлээд гадаадад аялаад ирсэн. Тиймээс энэ удаагийн уралдааны талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу. Ер нь жил жилийн уралдааны онцлог юу байна. Энэ жилийн тухайд шинэлэг зүйл юу харагдав. Зохион байгуулагчид болоод уралдааны талаарх таны бодол . . . ?

-Тиймээ жил ирэх тусам энэ уралдаан оролцогчийн тоо нэмэгдэхээс гадна орж буй бүтээлүүдийн чанар чансаа үнэхээр сайжирч өрсөлдөгч олонтой болж байгаа нь уралдаанд оролцогчдын сэтгэлгээ, үндэсний бичгээ ахуй соёлтой чадварлаг хослуулж байгаа зэрэг нь энэ уралдаан ямар далайцтай өргөн цар хүрээтэй, нээлттэй явагддаг болохыг харж болох юм. Жишээ нь угалзан эвхмэл бичигтэй шатар, модон сийлбэртэй уур нүдүүр, ясан сийлбэртэй морин хуур гэх мэт хүний ур ухаан шаардсан олон сайхан бүтээлүүд байлаа. Зохион байгуулагчид маш хариуцлагатай, ард түмэнд нээлттэй шударга явуулдгаараа онцлогтой санагддаг.

-Өөрөө монгол хэл, уран зохиолын багш хүн. Уламлалт монгол ёс заншил, үндэсний бичиг болсон босоо монгол бичгээ хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж яваа хүний хувьд асуух зүйл байна л даа. Тухайлбал үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх, хадгалах, хөгжүүлэх тал дээр “Монцамэ” агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос л жил бүр уралдаан зарлаж, хүмүүсийг уриалан дуудаж, цорын ганц босоо бичигтэй сонингоо хамгийн бага захиалгын үнэтэйгээр  хэвлэн нийтэд түгээж байна. Миний хувьд хамгийн үнэтэй зүйл маань үнэгүйдээд байгаа юм шиг санагддаг юм. Тэгэхээр энэ асуудлаар цаашид ямар бодлого барьж, ямар арга замаар түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх ажлыг зохион байгуулж болмоор танд санагддаг вэ.?

-Миний бодлоор энэ тал дээр Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын  яам Монголд ганцхан байдаг атлаа үндэсний сэтгэлгээтэй хүн бүрийн ширээн дээр дэлгээтэй байдаг энэ “Хүмүүн бичиг” сонинтой хамтран “Үндэсний бичиг-2 хөтөлбөр”  “Мөнх тэнгэрийн бичиг”  гэх зэрэг төрийн томоохон бодлогуудыг хооронд нь уялдуулж залгамж холбоотой болгон улс даяар аян өрнүүлж, сургууль бүрт хүргэн ажиллавал илүү ард түмэнд хүрэх байх л гэж боддог юм.

-Би онцолж хэлмээр байна л даа. Танай Хөтөлийн тодруулбал танай сургуулийн зүгээс босоо монгол бичгээ хүүхдүүдэд зааж сургах, бусдад түгээх тал дээр нэлээд санаачилгатай  байх шиг харагддаг. Та нар танай тэнхимийн багш нараас аймгаа уриалаад энэ тал дээр ямар нэгэн ажил зохион байгуулах бодол байдаг уу. Би  таныг их санаачилгатай, их хөдөлмөрч гэж сонссон юм байна?

-Манай хамт олон бол бүтээлч, хөдөлмөрч аливаад чин сэтгэлээсээ ханддаг чадварлаг хамт олон гэдгийг би хаана ч нүүр бардам хэлдэг юм. Манай сургуульд мэргэжлийн 7 багш ажилладаг. Бид үндэсний бичгээ заан сургах тал дээр нэлээд олон ажлыг төлөвлөн хийж байгаа. Гэвч аливаа үйл ажиллагаа заавал эдийн засагтай холбоотой учир саад бэрхшээл багагүй гардаг. Гэвч бид Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан олон сайхан ажил төлөвлөн сум, аймгийн хэмжээнд зохион байгуулах талаар өөрийн сум сургууль болон үйлдвэрийн удирдлагуудад хандах бодол байгаа.

2011 онд анх “Худам монгол бичиг мину” нэртэй анхны үндэсний бичгийн кабинет нээхэд Хөтөлийн ЦШХК-ийн захирал А.Шоовдор сайхан хүлээж авч санхүүгийн туслалцаа үзүүлж, эх бичгээ гэсэн сэтгэлийн галыг минь бадрааж байсан ачтай хүн дээ.

-Өнгөрсөн хичээлийн жилд үзүүлсэн амжилт ололтоосоо хуваалцаач дээ. Таны шавь нар хэр монгол бичигтэн болж байна даа?

-Сурагчид маань үндэсний бичгээрээ жигд сайхан бичиж уншихаас гадна монгол хэл, уран зохиолын хичээлүүдээр багагүй амжилт гаргасан шүү. Тухайлбал 2016 оны 05 сард зохиогдсон Д.Сэнгээгийн  нэрэмжит уншихуйн олимпиадаас 10а ангийн сурагч н.Мөнх-Од утгын чимэг төрлөөр алт, 7г ангийн сурагч н.Арлунгуа мөнгө,  7г ангийн сурагч н.Баясгалан  уран сэтгэмж төрлөөр алтан медаль хүртсэн. Мөн 2016 оны 05 сард болсон аймгийн оюуны  түрүү Монгол хэлний олимпиадаас 12в ангийн сурагч н.Баттогтох хүрэл медаль авсан. Бас 2016 оны 11-р сард Сэлэнгэ аймгийн Хушаат суманд болсон Уншихуйн олимпиадаас 8г ангийн сурагч Б.Ариунзул уран сэтгэмжээр алтан медаль, 12 сард 8г ангийн сурагч н.Бадамханд “Гэр бүлийн хүчирхийллийг тэг болгоё” илтгэлийн уралдаанд эхний шатанд тэнцэн 12-р ангийнхантай өрсөлдөн тусгай байр эзэлсэн гээд манай хүүхдүүд амжилт дүүрэн байгаа.

-Сэлэнгэ аймаг монгол хэл бичгээ дээдлэх, сургах, хэрэглэх талаар ямар түвшинд хэрхэн ажиллаж байна гэж та бодож явдаг вэ. ЭЕШ өгч байгаа хүүхдүүдийн хамгийн эхний босго шалгалт монгол хэлний хичээлээр авдаг боллоо?

-Манай аймаг бусад аймгуудыг бодвол үндэсний бичиг үсэгтээ анхаарал хандуулах нь бага юм шиг санагддаг. Яагаад гэвэл зөвхөн цорын ганц хэвлэгддэг сонины захиалгаас л харахад л тэр. Бусад аймгуудын ихэнх сум энэ сонинг захиалдаг байхад манай аймагт ганцхан манай Хөтөл л байх жишээтэй. Энэ тал дээр аймгаас бодлого барьж томоохон ажлуудыг зохион байгуулна гэдэгт найдаж байна. Хүүхэд бүрт энэ эх хэл бичиг хамаатай болсонд талархдаг. ЭЕШ-ын босго шалгалтаар оруулна гэдэг чинь монгол хэл бичгийн үнэ цэнийг дээшлүүлсэн гэж боддог.

-Миний хувьд хүмүүн бичиг сонины захиалгыг судлаад үзэхэд манай Сэлэнгэ аймгийн тухайд их хангалтгүй байдаг юм байна лээ. Үндэсний босоо монгол бичгээрээ гарч байгаа Монгол Улсын хэмжээний цорын ганц хэвлэл шүү дээ. Маш сонирхолтой, хүүхдүүдэд болоод томчуудад ч гэсэн их мэдээлэл өгдөг сонин шиг санагддаг л даа. Аймгаараа монгол бичигтэн болох санааг монгол хэлний багш нар санаачлан хэрэгжүүлвэл ямар вэ? Энэ бол зөвхөн миний л бодол шүү. Нэгэнт монгол хэлний мэргэжлийн багштай ярилцаж байгаа болохоор асууя гэж бодлоо?

-Тиймээ би их гайхдаг юм. Өөрийн ажиллаж амьдарч байгаа аймгаа би улсдаа нэр хүндтэй ялангуяа газар тариалангаараа нөлөөтэй гэж боддог. Гэвч үндэсний түүх соёл, үндэсний өв уламжлал соёл, бичиг үсгээ хэзээ ч орхигдуулж болохгүй болов уу? гэж бодож байна.

 Энэ санаа надад их таалагдаж байна. Болохгүй юм байхгүй. Бид хичээж хамтран ажиллаж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

-Таны хувьд монгол бичгээ хэддүгээр ангид, хэдэн цагаар орж байна вэ?

-Би сургуулийнхаа 8-р ангийн 4 бүлэгт үндэсний бичгээ зааж байна. Энэ улиралд үндэсний бичгээрээ зөв сайхан унших чадварыг нь илүү хөгжүүлэхээр анги бүрийн сайн уншдаг сурагчдаар ахлуулан баг болгон  ажиллаж байна.

-Мэдээж дараа жилийн уралдаанд оролцоно л биздээ. Бодсон зүйл байна уу?

-Оролцох бодол байгаа байгаа. Уралдааны тухайд бол өндөр хэмжээнд зохион байгуулж сурсан учраас надад хэлэх юм алга аа.

-Сүүлийн үед хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх гэж их ярьдаг болж. Боловсролын байгууллагын бодлого зорилго ч энэ болов уу. Таны хувьд шавь нараа хөгжүүлэх тал дээр ямар ажил арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж байна. Өөрийнхөө туршлага, ажлын арга барилаасаа хуваалцахгүй юу?

-Тиймээ хүүхэд нэг бүрийн хөгжил үнэхээр чухал гэж боддог. Хүүхэд бүрийг онц сургахаас илүү сайн хүн болгох нь чухал. Иймээс сурагч нэг бүрийн авьяас чадвар дээр тулгуурлан хөгжүүлэх нь илүү байдаг. Би өөрийн ангийн сурагчдаа цаасан урлалаар өөрийн хүссэн зүйлээ хийж сурах чадварыг хөгжүүлж байгаа. Сургуульдаа бие даасан үзэсгэлэн гаргаж, хүүхдийг багаас нь өөрийн хүч хөдөлмөрийн үнэ цэнийг мэдрүүлэхийн төлөө ажиллаж байна. Одоо сурагчидтайгаа хамтран монгол хүүхдийн цуврал зургаар үндэсний бичигтэйгээ хослуулсан томоохон бүтээл хийж байгаа.

-Цаг зав гарган хөөрөлдсөн танд баярлалаа.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ