Төвшрүүлэх сумын цэцэрлэг эко био ариун цэврийн байгууламжтай болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймгийн Төвшрүүлэх сумын хүүхдийн цэцэрлэг эко био байгууламжтай боллоо. Энэ нь цэцэрлэгийн хувьд улсын хэмжээнд анх удаагаа юм.
Эко ариун цэврийн байгууламж ашиглалтад орсноор тус цэцэрлэгт сурч, хүмүүжиж байгаа 100 хүүхэд гэдэсний элдэв халдварт өвчин, гепатитын халдвар авахгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд бие засах, усанд орох боломжтой болсон юм.
Төвшрүүлэх сумын хүүхдийн цэцэрлэгийн “Биоэко” байгууламж нь чанарын өндөр түвшинд нийт 83,5 сая төгрөгөөр хийгдсэн бөгөөд цахилгааны зардал ч тун бага, сардаа 25,000-30,000 төгрөг гардаг гэдгийг тус цэцэрлэгийн эрхлэгч хэлж байна. Мөн бохирын сав нь био учраас 3-5 жилдээ соруулахгүй ашиглагдана гэдгийг гүйцэтгэгчийн зүгээс хэлэв.
Төслийг Мобиком корпораци, Дэлхийн зөн ОУБ, орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн байна.
2015 онд Архангай аймгийн Булган, Батцэнгэл, Хайрхан суманд, 2016 онд Өндөр-Улаан, Цэнхэр, Хотонт сумдын сургуульд ийм ариун цэврийн байгууламж ашиглалтад орсон. Энэхүү эко ариун цэврийн байгууламжийг улсын хэмжээнд 8 аймгийн 22 сумын 35 сургуульд байгуулаад байгаа ажээ.
Б.Гэрэлт-Од