СӨХ-ыг ажлаа эрчимжүүлэхийг хатуу сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-01-17 17:50:41
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт иргэдийн санал хүсэлтийг хүлээн авдаг 7035-3511 утсанд ирсэн мэдээллийн дийлэнх нь СӨХ-той гомдол байна.  2015 онд 49, 2016 онд 79 иргэнээс гомдол иржээ.

Иймд Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал СӨХ-ын удирдлагуудтай уулзлаа. Тус аймагт сууц өмчлөгчдийн 31 холбоо үйл ажиллагаа явуулдаг. Тэд  орон сууцны 141 байрны 528 орц, подволь, 300 орчим дээвэр, 1580 гаруй хаалга, 1800 орчим цонх зэрэг эд хөрөнгө хариуцдаг байна.  Дээрх уулзалтын үеэр Баян-Өндөр сумын ЗДТГ СӨХ-дод хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Үүнд СӨХ  бүх гишүүний хурлаа хийдэггүй, оршин суугчдаас авсан мөнгөний зарцуулалтаа тайлагнадаггүй, ажилчдынхаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлдөггүй өр үүсгэсэн зэрэг зөрчил илэрчээ. Тухайлбал, НД, ЭМД-д 23, цалинд 10 сая төгрөгийн өр үүссэн байна.  

Мөн иргэн, ААН-ээс 29 сая төгрөг зээлсэн боловч зарцуулалтыг оршин суугчиддаа тайлагнаагүй байна. Иймд  Засаг даргын орлогч С.Батжаргал “Орон нутгаас СӨХ-дын үйл ажиллагааг дэмжиж байгаа. Гэвч төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн кодтой хаалга, дээвэр зэргийн арчлалт, хамгаалалт муу байна. Ажлаа эрчимжүүл. Хэрэв үр дүн гарахгүй бол бид өөр шийдэл гаргана” гэлээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ