Сарын дундуур цасан болон шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-01-17 12:32:57

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын мэдээгээр Өлзийт, Эрдэнэцогт, Галуут, Баян-Овоо, Жаргалант, Гурванбулаг, Баянбулаг сумууд цасан бүрхүүлтэй байна. Гуу жалга газраа 30-40 см цастай, одоогоор өвөлжилт онцгой хүндэрсэн сум байхгүй байна.

Харин энэ сарын дунд үеэс Баянхонгор аймгийн ихэнх нутгаар цас их орж, салхи секундэд 12-14 метр хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгааг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна. Мөн үеэр зам даваа хаагдах, халтиргаа, гулгаа үүсэх, улмаар цаг агаарын нөхцөл хүндэрч болзошгүйг анхаарууллаа.

Иргэд цасан шуурганы үеэр замд гарахгүй байх, зайлшгүй гарах тохиолдолд дулаан хувцас, халуун хоол хүнс болон цас ухах багаж хэрэгсэл базаах, шатахууны нөөцтэй явах, автомашин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган замд гарахыг зөвлөж байна. Мөн аль болох туулах чадвар сайтай автомашинаар зорчиж, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй урьдчилан сэргийлэх мэдээг дагаж мөрдөхийг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэлд аймгийн хэмжээний өвс тэжээлийн аюулгүй нөөцөнд өвс 212 гаруй тонн, малын тэжээл/улаан хивэг, хорголжин/ 38 тонн байгаа аж.

                                                                                                                            Б.Мөнхзул

Холбоотой мэдээ