Малчид Биндэрхайрханд мал сүргээ даатгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-16 16:29:36

Завханы Цагаанхайрхан суманд Биндэрхайрхан нэртэй уул сүндэрлэн байдаг. Энэ уулыг тус сумынхан төдийгүй Завханчууд Отгонтэнгэр уул шигээ тахин шүтсээр өдий хүрсэн.

Биндэрхайрхан уулаа Цагаанхайрханчууд орон нутгийн тусгай хамгаалалтанд аваад хоёр жил болж байна. Энэ сарын 16-ны өдөр буюу шинийн 19-ний билэгт сайн өдөр нутгийн иргэд цай идээнийхээ дээжийг Биндэрхайрхандаа өргөн, ном хуруулж, таван хошуу малаа даатган, лус савдгаа аргаджээ.

Хайрханыг шүтэхийн учрыг өгүүлбэл энэ ууланд хиншүү хярвас тавьдаггүй, ан гөрөө хийдэггүй, хад чулууг нь хөндөж харгана бургасыг нь хугалдаггүй, эрт үеэс эдүгээг хүртэл Намсрай бурхны орон хэмээн идээ будааны дээжээ өргөн жил бүрийн зун тахидаг уламжлалтай. Таван хошуу малын даллагатай хэмээн 13 овоонд нь хурганы хөгнө холбоотой энэ уулыг хөгшчүүд шөлний хоньтой байлгах нутаг гэж жил бүр хөгнийг нь шинэчлэн овоо бүрийг нь тойруулж тус бүрийг нь холбож өгсөн байдаг байна. Мөн уурга, малын шилбүүр овоондоо өргөж тахилга үйлдэж иржээ. Энэ уулын бэлийг түшиж Чандмань, Цул, Алтан тэвш, Поврон, Вангийн шугуй гэх мэт газар нутаг, урд талаараа Улаан толгой, Цагаандаваа, Баян-үзүүр, ар хойд бэлээрээ Их бага Цоомой гэх олон уулууд тойрон байдаг. Түүгээр ч барахгүй Биндэрхайрхан ууланд байх нэгэн том агуйг эрт цагаас Эрдэнэхайрхан сумын нутагт орших Их хайрханы агуйтай холбоотой гэж ярьсаар иржээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ