Отгонтэнгэр цайг баруун аймгуудад үйлдвэрийн үнээр борлуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-16 15:19:40

Завхан аймгийн Улиастай сумын “Гарамгай нэгдмэл ХХК” нь 2009 оноос хойш тасралтгүй есөн жил Отгонтэнгэр цайг брэнд болгон үйлдвэрлэж байна.

Түүхий эдээ орон нутгаасаа хангадаг тус үйлдвэр үйлдвэрлэлээ өргөтгөж шинэ тоног төхөөрөмж суурилуулжээ. Ингэснээр нэг өдөрт үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээ өсч зах зээлд үргэлж эрэлттэй байдаг “Отгонтэнгэр цай”-г үйлдвэрийнх нь үнээр баруун бүс нутгийнханд хүргэж эхлээд байна. Баруун аймгуудын түнш хүнсний дэлгүүрүүд зөвхөн үйлдвэрийн үнээр нь худалдан борлуулдаг болжээ.

Харин байнгын захиалж борлуулдаг Улаанбаатар болон Өмнөговь, Дорнод, Тува улсын түншүүддээ зах зээлийн үнээр нь борлуулдаг гэж борлуулалтын менежер мэдээллээ. Сонирхуулахад анх ганцхан төрлийн цай үйлдвэрлэдэг байсан бол өнөөдөр нэрс, аньс, чацаргана, олон төрлийн жимсний цуглуулга багтаасан жимсний цайг гурван төрлөөр үйлдвэрлэж байна. Эдний үйлдвэрлэдэг цай нь А, В, С, Р, РР зэрэг амин дэмээр баялаг хүний эрүүл мэндэд нэн тохиромжтой. Цэвэр байгалийн гаралтай.  Шээс, цөс, хаван хөөх, биеийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй гэнэ. Эднийхэн жил бүрийн үзэсгэлэн яармагуудад амжилттай оролцдог төдийгүй Завханчууд холын зочиндоо бэлэглэж амсуулдаг уламжлал тогтжээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ