Р.Содхүү: 2018 он гэхэд Монголын бүх иргэн тоон гарын үсэгтэй болно
МОНГОЛЫН МЭДЭЭОюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар /ОӨУБЕГ/-аас үйлчилгээгээ цахимжуулах зорилгоор Үндэсний дата төвтэй хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд талууд алслагдмал сум, хороодын бүртгэлийн мэдээлэл, архивын лавлагаа мэдүүлгийг цахимаар хүлээн авахаас гадна мэдээллүүдийн нууцлалыг сайжруулах, ТҮЦ машины үйлчилгээг эрчимжүүлэх зэрэг үндсэн чиглэлээр хамтран ажиллах аж.
ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүү ярихдаа, “Манай байгууллага Улсын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг иргэдэд ил тод, нээлтэй, хялбар болгохын тулд Үндэсний дата төвтэй хамтран ажиллаж байна. Өнөөдрийн санамж бичигт багтсан гол зүйл бол тоон гарын үсэг юм. Тоон гарын үсгийг нэвтрүүлснээр иргэд лавлагаа авах, гарын үсгээ нотариатаар баталгаажуулах шат дамжлагыг халж, зөвхөн иргэний үнэмлэхээ үзүүлэн хувийн мэдээлэл, төрийн бүртгэл үйлчилгээг чирэгдэлгүй авах боломж бүрдлээ. 2018 он гэхэд Монголын бүх иргэнийг тоон гарын үсэгтэй болгоно” гэв.
М.Аминаа