Үндсэн хуулийн өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-01-13 23:57:08

Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг Баянхонгор аймагт ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын үйл ажиллагаа Баянхонгор аймгийн төв Баганат талбайд Тусгаар тогтнолын хөшөөнд цэцэг өргөх ёслолоор эхлэв.

Цэцэг өргөх ёслолд аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчид, төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын удирдлага алба хаагчид оролцлоо. Мөн өдөр Баянхонгор аймгийн Архивын тасаг, аймгийн Түүхийн музей хамтран үндсэн хуультай холбоотой бичиг баримтууд, аймгийн анхны сонины болон тухайн үеийн Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцаж явсан АИХ-ын депутатуудын хувийн архив зэргээс сонин содон үзэсгэлэнг толилуулсан.

БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 430 депутат Шинэ Ардчилсан Үндсэн хуулиа баталж байсан бөгөөд Баянхонгор аймгаас 21 депутат оролцож байжээ. Баянхонгор аймгаас П.Пүрэвгял, О.Нямдаваа, Т.Галсан, А.Рэгзэн, Г.Бүдий, Ц.Очирбал, Б.Санджуйжав, Т.Төмөрбаатар, Н.Сэндэнжав, Г.Жадамбаа, Д.Марав, Б.Искра, Б.Сангисэрээ, Р.Доржбат, Ч.Батболд, Л.Дүйсэнсанги, Ж.Жагравал, Б.Чойжилсүрэн, М.Жадамбаа,, Л.Баяндалай, Т.Ширмэн нарын 21 депутат анхдугаар үндсэн хуулийг батлалцсан түүхтэй.

Тус хуралд нийт 9 малчин оролцсон байдаг бол 2 нь Баянхонгорынх.

Сонирхуулахад,Үндсэн хуульд манай аймгийн депутатуудын оруулсан санал жинтэй байсныг зарим хүмүүс өнөөдөр онцлон ярьж байв. Тухайлбал, Шинэжинст сумын сум, нэгдлийн дарга байсан Данзангийн Жагварал хэмээх депутатууд Ардын их хурлын чуулган дээр хамгийн олон удаа үг хэлж, хамгийн олон санал гаргаж үндсэн хуульд тусгуулсан байдаг байна. Мөн Жинст сумаас сонгогдсон депутат, Аймгийн Аварга малчин Базарын Сангисэрээ Ардын Их хурлыг нэг ч удаа таслалгүй бүрэн оролцож, Шинэ Үндсэн хууль батлагдсан 76 өдрийн тэмдэглэл хөтөлсөн гар бичмэл нь байдаг бөгөөд өдгөө үнэт үзмэр болжээ.

                                                                                                                    Б.Мөнхзул

Холбоотой мэдээ