Зөрчил гаргасан аж ахуйн нэгжийг 200 сая хүртэлх төгрөгөөр торгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-01-12 19:41:36

УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр баталсан. Зөрчлийн тухай хууль нь Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийг хамгаалах зорилготой юм. Энэ хуульд Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад салбарын 220 гаруй хуулиар тогтоосон зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг нэгтгэсэн. Гэвч Эрүүгийн хуульд заасан зарим төрлийн гэмт хэргийг давхардуулсан, зарим зөрчлийг тусгаагүй орхигдуулсан зэрэг дутагдалтай талууд байгаа тул шинэчлэн найруулсан хэмээн ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт танилцуулав.

Тухайлбал, Замын хөдөлгөөний нягтрал, ачаалал ихтэй, дэд бүтэц төдийлөн хөгжөөгүй манай улс орны нөхцөлд жолооч зөрчил гаргах магадлал дэлхийн жишгээс өндөр байдаг аж. Гэтэл зөрчил гаргасан эдтгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр /240 мянган төгрөг/ эсхүл түүнийг 2-3, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний төгрөгөөр торгож байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр иргэдийн дундаж цалин 888 мянган төгрөг байна. Жолооч гаргасан зөрчил бүртээ нэг сарын цалингаа, эсхүл түүнээс их хэмжээний торгууль төлөх болж таарч байгаа юм. Тиймээс торгуулийн  нэгж 2000 төгрөг байсныг 1000 болгож бууруулсан гэлээ.

Монгол Улсын хэмжээнд 600 гаруй хууль мөрддөг. Үүнээс 220 гаруй хуульд заасан зөрчлийн тухай заалтуудыг Зөрчлийн тухай хуульд оруулсан байна. Энэ нь хуулийн давхардал, хийдэл үүсгэх юм биш үү хэмээн УИХ-ын гишүүн О.Батнасан тодруулсан. Зөрчлийн тухай хууль бол бусад хууль тогтоолд заасан Захиргааны хариуцлагыг нэгтгэсэн тул олон салбарыг хамарна гэдгээрээ хэрэгжүүлэхэд хэцүү байх магадлалтай гэдгийг ХЗДХ-ийн сайд хэлээд “Гэхдээ холбогдох дүрэм, журмыг нарийн баталж чадвал давхардал, хийдэл үүсэхгүй” гэлээ.

Өмнөх эрүүгийн хуулиар 306 хорих ял байсан нэмэлт өөрчлөлтөөр 206 болсон. Өөрөөр хэлбэл, 100 шийтгэл зөрчил рүү шилжсэн юм. Үүнтэй холбоотой хууль хоорондын уялдаа холбоог хэрхэн хангасан бэ гэдгийг УИХ-ын гишүүн Г.Занданшатар асуулаа. Эрүүгийн болон Зөрчлийн хууль нягт уялдаатай гэдгийг ажлын хэсгээс хариуллаа.

Зөрчлийн хуульд маш олон торгуулийн хэмжээ заасан байна. Энэ нь Зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хөшүүрэг болж чадах уу хэмээн УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир тодруулсан. Тэрбээр, “Энэ хуульд Зөрчлийг давтан үйлдсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг оруулах хэрэгтэй” гэлээ.

Ажлын хэсгийн зүгээс, “Иргэнд ногдуулах торгох шийтгэл зүйл ангиасаа хамаараад 10 мянгаас 20 сая төгрөгийн хооронд бий. Хуулийн этгээдийг 100 мянгаас 200 сая төгрөгөөр торгох юм. Ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж зөрчил гаргаад улмаар түүнийгээ давтсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ оногдуулна" гэв.

Олон хуульд давхардсан захиргааны хариуцлага буюу торгууль, шийтгэврийг нэгтгэх талаар нэлээдгүй жил ярьсан гэдгийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа онцлоод “Хуулийн төсөлд алдаатай, оноотой зүйл олон бий. Тиймээс хэлэлцүүлгийн явцад төгөлдөржүүлээд батлах нь зөв” гэсэн санал хэлэв.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролсон гишүүдийн 95.2 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. Чуулганаар Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ