Хүүхдийн төлөвшилд гар утас хор нөлөө үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-01-12 16:50:31

Хүүхдийн төлөвшилд гар утас хэрхэн хор учруулж байгаа, түүнийг яаж зохистой хэрэглэх талаар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын багш Машбатын Болорцэцэг судалгаа явуулж байна.

Түүний судалгаанд ахлах ангийн 15-17 насны 62, дунд ангийн 12-14 насны 145 сурагч, 35-43 насны 6 эцэг эх хамрагджээ. Судалгаанаас үзэхэд, сурагчдын 60-62 хувь нь фэйсбүүк, 20-26 хувь нь интернетэд орж, 47-52 хувь нь  дуу сонсож, 21-29 хувь нь оддын мэдээллийг үзэж, 15-9 хувь нь хүссэн мэдээллээ гар утаснаас авдаг гэжээ. Харин аав, ээжийн хувьд 53 хувь нь холбоо барих, 26 хувь нь амьдралд тустай мэдээлэл авахаар интернет болон фэйсбүүк ордог нь тогтоогджээ.

Ингэж хүүхэд цахим ертөнцөөр хорхойтон аялж байгаа явдал нь бусдад ашиглагдах, буруу замд орж хөл алдах, биеийн хөгжлийн эрүүл мэнд муудах, хэл ярианы доголдолтой болох, хүний үг сонсохоо болих гэгчлэн муу зуршилд автагддаг аж. Судалгаанаас үзэхэд ихэнх сурагч фэйсбүүк, инстаграмм, скайп хаягтай байдаг учир насанд хүрээгүй балчир үрээ ухаалаг утаснаас хөндий байлгаж энгийн утас хэрэглүүлж хэвших нь зүйтэй гэж үзэж байна. 

Оросын сурган хүмүүжүүлэгч Б.М. Неменскгийн “Хүн төрөлхтний ирээдүй, өнөөдөр, сурагчийн ширээний ард сууж байна”-гэсэн үгийг санаж гэрэлт ирээдүйгээ ухаалаг гар утасны аюулаас зайлуулахад анхаарах цаг болсны түгшүүрийн дохиог өгч байна. Ганцхан жишээ дурьдахад, дэлхийн эрдэмтдийн судалгаагаар, 1970 онд дөрөв хүртэлх насны хүүхдүүдийн 4 хувь нь хэл ярианы хөгжил дутмаг байсан бол одоо 25 хувьд хүрчээ. Үүний гол шалтгаан нь мэдээлэл харилцааны технологийг хүүхэд буруу, удаан хугацаагаар хэрэглэсэн явдал гэж судлаач багш дүгнэжээ.

Л.Булган

 

Холбоотой мэдээ