«Монголын казах угсаатны зүй» нэртэй ном хэвлэгдэн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2017-01-10 14:52:40

«Монголын казах угсаатны зүй» нэртэй ном Улаанбаатарын «Соёмбо принтинг» ХХК-д хэвлэгдэн гарлаа.

ШУА-ийн философийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь салбарын хамтарсан бүтээл болох энэ номын нээлтийн ажиллагаа өчигдөр аймгийн ЗДТГ-т болж цуглаанд аймгийн ИТХ, ЗДТГ-ын удирдах ажилтнууд, соёл, шинжлэх ухааны байгууллагын ажилтнууд оролцлоо.

Монголын казах зон олны угсаатны зүйн талаар эрт дээр үеэс Ж.Цэвээн, С.Бадамхатан, Нямбуу, Цэрэл, А.Минис, А.Сарай нарын эрдэмтэд хөндөж байсан ч тусгайлсан бүтээл туурвил гараагүй тул судлаачид болон багш, оюутан, сурагчид, бусад хүмүүст гарын авлага болохуйц уг бүтээлийг эрдэмтэн судлаачид нэлээд өргөн хүрээтэй судлан монгол хэл дээр анх удаа эмхэтхэн хэвлүүлсэн нь энэ юм байна.

Доктор (РҺ.D) Г.Золбаяр, СГЗ Р.Шынай нар редакторлаж, Х.Едилхан, Б.Өмирбек, Б.Жаргалсайхан, Х.Мырзабек, К.Долгоржав, Е.Аяулы, Н.Эрдэнэбаяр, Б.Гүлнур нар зохиосон уг номыг аймгийн Засаг дарга А.Гылымхан, ИТХ-ын дарга Д.Бауыржан нар өндөр үнэлэн, шинжлэх ухааны энэ байгууллагыг дэмжин, хамтарч ажиллахаа мэдэгдлээ.

                                                                                                     Ш.Айзаря

Холбоотой мэдээ