Бүсийн тэмцээнийг Баян-Өлгий аймгийнхан өнгөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-01-10 01:50:08

Баянхонгор аймагт Өсвөр, идэрчүүдийн футзалын 15, 17 насны төрлүүдийн Хангайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус тэмцээн нь УАШТ-ны урьдчилсан шатны тоглолтууд бөгөөд бүсийн тэмцээнээсээ 1 болон 2 дугаар байрт шалгарсан баг тамирчид улсад өрсөлдөх эрхээ авдгаараа онцлог.

Хангайн бүсийн тэмцээн энэ сарын 4-9-ний өдрүүдэд болж, хангайн бүсийн 7 аймгийн 12 багийн 100 гаруй тамирчин оролцсон байна. Тэмцээний 15 насны ангилалд Баян-Өлгий аймгийн баг тамирчид түрүүлж, Өвөрхангай, Увс аймаг удаалсан. Мөн насны ангиллын Шилдэг мэргэн буучаар Говь-Алтай аймгийн тамирчин А.Бүрнээбаатар, Шилдэг тэгш тоглогчоор Баян-Өлгий аймгийн тамирчин Д.Бердаулет, Шилдэг хаалгачаар Ховд аймгийн тамирчин Х.Чадраабал тус тус шалгарлаа.

17 насны төрөлд мөн л Баян-Өлгий аймгийнхан өнгөлж, Ховд, Хөвсгөл аймгийн баг тамирчид удаалжээ. Харин Шилдэг мэргэн буучаар Ч.Хишигжаргал, Шилдэг тэгш тоглогчоор Увс аймгийн тамирчин Ч.Баттогтох, Шилдэг хаалгачаар Хөвсгөл аймгийн тамирчин М.Даваажав тодорсон.

Хангайн бүсийн Шилдэг дасгалжуулагчаар тамирчид нь нас насны ангилалдаа илүүрхсэн Баян-Өлгий аймгийн дасгалжуулагч М.Мейранбек шалгарсан байна.

                                                                                                                           Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ