“FLOWER” сургууль англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-01-09 16:49:26

Дорнод аймгийн Хэрлэн сумын “FLOWER” сургууль англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль боллоо. Ингэснээр Чойбалсан хотын нийт сургуулийн англи хэлний ахисан түвшингийн хүүхдүүдийг гүнзгийрүүлэн судлуулж цаашид тэднийг TOFEL, IELTS шалгалтанд бэлтгэж гадаадын их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах боломжийг хангаж өгөх зорилготой юм.

Боловсролын газраас 7 хоногт 3 удаа жилд 270 цаг хичээллэхээр сургалтын хөтөлбөрийг боловсруулжээ. Уг сургалтыг хичээлийн бус цагаар явуулж байгаа нь суралцагчдад чөлөөт цагаа үр бүтээлтэй, ирээдүйдээ итгэл төгс байх боломжийг олгож байгаагаараа ач холбогдолтой юм гэж “FLOWER” сургуулийн захирал М.Байгалмаа ярьж байлаа.

Тус сургууль эрчимжүүлсэн сургалтандаа олон улсын жишигт нийцсэн ахисан түвшингийн click on-2 сурах бичгийг ашиглаж байна. Энэ сурах бичгийг судласнаар тухайн суралцагчийн англи хэлний түвшин ахихын зэрэгцээ Европын соёл, түүхийг давхар судалдгаараа төв үзэлтэй, төлөвшсөн хүн болоход нөлөөлнө гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна.

Гадаад хэлний сургалт зохион байгуулахад хамтран ажиллах гэрээний дагуу англи хэлний уг сургалтыг жил бүр тус сургууль дээр явуулах юм. Энэ хичээлийн жилд 7-9 дүгээр ангийн нийт 26 суралцагч хамрагджээ.

                                                                                                                                                Б.Туяа  

Холбоотой мэдээ