Тээврийн хэрэгслийн албан татварыг ирэх даваа гарагаас хурааж эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭАвто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр авах арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан талаар мэдээллээ.
Дээрх захирамжийн хүрээнд нэгдүгээр сарын 9-нөөс тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураалт эхлэх юм байна.
Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр хэлэхдээ, “Нийслэлийн Засаг даргаас дүүргүүдийн Засаг дарга нарт тодорхой чиг үүрэг өгсөн. Чиг үүргийн дагуу өнөөдрөөс эхлэн дүүргүүдийн нутаг дэвсгэрт авто тээврийн хэрэгслийн албан татварыг хураан авах ажлыг зохион байгуулахаар болсон. Өмнөх жилүүдэд албан татвар, төлбөрөөс хоцорсон улсын бүртгэлтэй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжийг бүрэн хамруулна” гэв.
Харин Нийслэлийн Татварын газрын дарга Д.Мөнх-Учрал “Өнөөдрийн байдлаар бид 18 цэгт татвар хураамж авч эхлээд байна. Есөн дүүргийн Татварын хэлтэс ажлын цагийн хуваарийн дагуу иргэд, аж ахуйн нэгжүүдэд үйлчилж эхэллээ. Мөн нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд /Дүнжингарав, Мишээл, Драгон/, АТҮТ-ийн оношлогооны гурван салбар дээр татвар хурааж байна” гэлээ.
Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Я.Соронзонболд “Замын цагдаагийн албанаас иргэд, аж ахуйн нэгжүүд зохих хугацаанд авто тээврийн хэрэгслийн татвар, төлбөрийн төлсөн үгүйд хяналт тавина. Татвар төлбөрийг улсын дугаараас шалтгаалж тодорхой хугацаанд төлөхөөр хуваарилсан ч урьдчилан төлөх боломжтой. Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч тухайн сардаа амжиж төлөх ёстой. Түүнчлэн Авто тээврийн үндэсний төвийн лавлах 1900-1234, 70070018 утсаар мэдээлэл авах боломжтой. Мөн http://www.transdep.mn/ хуудас руу орж үйлчилгээ гэсэн цэс рүү орж, регистрийн дугаараа хийж мэдээлэл авах боломжтой юм”” хэмээв.
“Хотод улсын бүртгэлтэй 480 мянга гаруй тээврийн хэрэгсэл бий. Үүнээс замын хөдөлгөөнд огт оролцдоггүй 50 мянга гаруй тээврийн хэрэгсэл байна. Зөрчлийн болон хяналтын камерт бүртгэгдэж байгаагаар татварын газрын болон бусад холбогдох байгууллагуудаас мэдээллийг татаж үзээд татвар төлсөн үгүйг мэдэх боломжтой. Мөн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүрч байгаа торгууль, шийтгэврийн хуудсан дээр хэзээ татвар төлбөрөө төлөх ёстой болон бусад мэдээллийг хүргүүлнэ. Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажил таван сар үргэлжилнэ” хэмээн Улаанбаатар хотын ЗХУТ-ийн дарга Д.Одбаяр хэллээ.
М.Аминаа