545 сая жилийн өмнөх амьд организмын үлдэгдлийг олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2017-01-07 12:22:16

БУЭНОС-АЙРЕС./TASS/. Дэлхий дээр 545 сая жилийн өмнө оршин байсан амьд организмын чулуужсан үлдэгдлийг Аргентины эрдэмтэд олж илрүүлжээ. Уг үлдэгдлийг Буэнос-Айрес мужийн Олаваррия гэдэг суурингийн ойролцоох газраас олсон байна.

Энэ олдвор Эдиакарийн эрин үед /635-541 сая жилийн өмнө/ хамаарах аж. Геологич Мария Хулия Арроуй ярихдаа “бид амьд организмын ул мөрийг олсон. Гэхдээ энэ нь амьтан уу эсвэл ургамал уу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Эдиакарийн эрин үеийн тухайд амьтан гэсэн ойлголт байхгүй. Ургамал байж магадгүй юм, гэхдээ ингэж нэрлэх нь буруу. Тийм учраас биота гэж нэрлэхээр тогтсон” гэлээ.

Түүний ярьснаар, чулуужсан үлдэгдэл нь Кембрээс өмнөх үед оршин байсан амьд организм ажээ. Энэ үед хамаарах биотанууд нь Парагвай болон Бразилд олдож байсан, харин Олаваррияд олдсон чулуужсан үлдэгдэл бол тэдгээрээс илүү эртнийх гэж Аргентины эрдэмтэд үзэж байна.  

Ойрын үед археологичид Олаваррия-д дахин очиж, эртний амьд организмын өөр ул мөрүүд байгаа эсэхийг судлах ажээ.

Г.Доржханд

 

 


 

Холбоотой мэдээ