Рияд Марез Африкийн шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
adiyakhuu@montsame.mn
2017-01-06 11:02:26

МОСКВА./TASS/. Алжирын шигшээ баг болон Английн “Лестер” клубын тоглогч Рияд Марез 2016 оны Африк тивийн шилдэг хөлбөмбөгчнөөр тодорлоо. Энэ тухай Африкийн Хөлбөмбөгийн холбоо мэдээлжээ.

Өнгөрсөн улиралд Английн аварга болсон Марез 361 санал авснаар шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарсан байна. Эцсийн санал асуулга явуулахад Дортмундын “Боруссия” баг болон Габон улсын шигшээ багийн тоглогч Пьер Эмерика Обамеянга 313 саналтайгаар хоёрдугаарт, Сенегалын шигшээ болон “Ливерпуль” багийн хагас хамгаалагч Садио Мане 186 санал авснаар гуравдугаар байрт оржээ.

Африкийн оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчнөөр Нигерийн Асисат Ошоала, шилдэг залуу тоглогчоор мөн Нигери улсын иргэн, “Арсенал” клубт тоглодог Алекс Ивоби нар тус тус шалгарсан байна. Хамгийн ирээдүйтэй авьяаслаг тоглогчоор мөн л Нигерийн иргэн, "Манчестер Сити" багийн тоглогч Келечи Ихеаначо шалгарчээ.  

Африк тивийн шилдэг дасгалжуулагчаар Африкийн Аваргуудын лигт багаа түрүүлүүлж чадсан ӨАБНУ-ын "Мамелоди Сандаунз" клубын дасгалжуулагч Питсо Мосимане-г тодруулсан байна. Харин оны шилдэг шигшээ багаар Угандын шигшээг нэрлэжээ.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ