Сургуулиуд “Электрон жаал”-тай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-01-05 13:47:42

Дорнод аймгийн Ерөнхий боловсролын сургуулиуд “Электрон жаал”-тай боллоо. Ингэснээр сурагчид физикийн хичээлээр олж авсан онолын мэдлэгээ бататгах, тэдний бүтээлч сэтгэлгээг дэмжих, шинийг эрэлхийлэх, зохион бүтээх эрмэлзлийг нь өдөөж өгөхөд нэн ач тустайг мэргэжлийн багш нар ярьж байна.

Сурагчид цахилгаан хэлхээнүүдийг өөрсдөө угсарч туршсанаар электрон хэлхээний үндсэн зарчмуудтай танилцах боломжтой болж байгаа юм. Нийтдээ 2008 дасгал ажлын заавартай “Электрон жаал”-ын багц хэрэглэгдэхүүний нэг бүрийн үнэ нь 140 мянган төгрөг гэнэ. Хүүхдийн хөгжлийг дэмжсэн энэ хэрэглэгдэхүүний зардлыг аймгийн Хөгжлийн сангаас гаргажээ. Одоогоор Цагаан-Овоо, Халхгол, Баяндун сумын болон аймгийн төвийн 10 сургууль “Электрон жаал”-тай боллоо.

-Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон сургалтын орчин, хэрэглэгдэхүүнийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын төсөлт ажлуудыг зохион байгуулахаар аймгийн хөгжлийн хэтийн зорилт болон аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу сургалтын шинэ хэрэглэгдэхүүнийг сургуулиудад нийлүүллээ. Дээрх сургуулиуд физикийн танхимтай болж, саяхан хүлээлгэж өглөө гэж аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга О.Байгалмаа ярив.

                                                                                                                                                Б.Туяа

Холбоотой мэдээ