Онцгойн алба хаагчид 58 хүний амь насыг аварчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-01-05 11:33:09

Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид 2016 онд аймаг орон нутагт тохиолдсон 10 удаагийн ой, хээрийн түймэр, 43 удаагийн объектын гал түймэр, 4 удаагийн усны осол, 45 удаагийн хүн, мал амьтны гоц халдварт болон халдварт өвчин, 6 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осолтой тулгарчээ.

Ингэхдээ давхардсан тоогоор 1000 гаруй албан хаагч гамшгийн голомтонд үүрэг гүйцэтгэж, 58 эрдэнэт хүний амь насыг аварч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 3,8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Тус хамт олон 2016 онд Онцгой байдлын газрын гамшигтай тэмцэх бэлтгэл, бэлэн байдлын түвшин, техник хэрэгслийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор ОБЕГ, аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр гал унтраах болон шуурхай албаны автомашин, гамшиг осолтой тэмцэх, аврах ажиллагааны багаж хэрэгслээр хангаж, аймаг, орон нутгийн гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн чадавхийг нэмэгдүүлээд байна.

Мөн албан хаагчдынхаа нийгмийн хамгаалал, ажиллаж, амьдрах нөхцлийг сайжруулж, ая тухтай орчинг бүрдүүлэх, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, байгууллага орчноо тохижуулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Д.Одонтунгалаг

 

Холбоотой мэдээ