Дипломат төлөөлөгчдийн хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төр хариуцдаг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-01-04 15:35:13

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.

Хуулийн төсөлд гадаад улсад байрлах дипломат төлөөлөгчийн газрын албан хаагчийг гурван жилийн хугацаатай томилдог байсныг дөрөв болгохоор тусгасан байна. Гадаад харилцааны чиглэлээр мэргэжлийн ур чадвартай залуус хувийн хэвшилд ажиллах нь нэмэгдэж байна. Энэ нь дипломат алба ажилчдынхаа нийгмийн баталгааг хангаж чаддаггүйтэй холбоотой. Тиймээс хилийн чанадад ажиллаж байгаа дипломат ажилтнуудын цалинг Засгийн газраас гурван жил тутамд шинэчлэн тогтоох, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төр хариуцах зэргийг тусгасан хэмээн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Оюундарь хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийг 2-4 жилийн хугацаатай томилно гэсэн заалт оруулах боломжтой юу хэмээн тодруулав. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Одоогоор дипломат алба хаагчдыг гурван жилийн хугацаатай томилж байгаа. Энэ нь тухайн хүн дөнгөж ажилдаа гаршаад, туршлага суух хугацаа юм. Тиймээс эзэмшсэн туршлагаа үйл ажиллагаандаа нэвтрүүлж, Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллуулахын тулд нэг жилийн хугацааг нэмж байгаа юм” хэмээв.

Мөн дипломат төлөөлөгчийн газарт ажиллагсдын хүүхдийг цэцэрлэгт хамруулахад шаардагдах хөрөнгийн талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар асуусан. Түүний асуултад “Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж буй алба хаагчдын 35 хүүхэд бий. Тэднийг цэцэрлэгт хамруулахад 290 мянган ам.доллар шаардлагатай. Энэ хөрөнгийг 2018 оноос улсын төсөвт суулгах юм” гэсэн хариулт өгөв.

Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж буй алба хаагчийн дундаж цалин 2200 ам.доллар байдаг аж. Гэтэл зарим оронд цэцэрлэгийн төлбөр 2000 ам.доллар байдаг. Үүнээс үүдэн гадаад харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулах боломжтой, өндөр мэргэжил, боловсролтой залуус хувийн хэвшил рүү шилжих тохиолдол их боллоо. Тиймээс хуулийн төслийг дэмжиж батлах нь зөв гэсэн саналыг УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Н.Энхболд, Г.Занданшатар нар хэллээ.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх боллоо.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ