Оюутнууд буянтай үйлсэд нэгдэв

Орон нутагт | Дорнод
dornod@montsame.mn
2017-01-03 12:42:34

Дорнод аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн С.Мөнхзул багштай Засал чимэглэлийн нэгдүгээр дамжааны оюутнууд шинэ оны босгон дээр ангийн анд Э.Мөнх-Оргилын гэр бүлийнхэнд сэтгэлийн дэм үзүүлж, баярлууллаа.

Шинэ оныг байгууллага хамт олноороо баярлаж шилдэг тэргүүнээ тодруулж цэнгүүн ёслол болгон тэмдэглэдэг хэв маягаас татгалзаж буянтай үйлс хийхийг тэд зорьжээ.

Мөнх-Оргил хүүгийн хувьд аав, хоёр дүүгийнхээ хамт амьдардаг. Төлөв даруу зантай, хичээл сурлагадаа сайн, нийгмийн идэвх өндөр гэж сургууль хамт олондоо үнэлэгддэг тэргүүний оюутан гэнэ.

-Амьдралын хүнд бэрхээс шантралгүй үр хүүхдүүдийнхээ хүмүүжил, сурлагад анхаарч хүний зэрэгтэй  өсгөж өндийлгөж байгаа сайн аавуудын нэг нь манай Мөнх-Оргилын аав юм. Иймд манай сургуулийн хамт олон Мөнх-Оргилынхоо гэр бүлийг шинэ ондоо улам өөдрөг өнгөлөг, ирээдүйдээ итгэл төгс байгаасай гэж хүсч сайн санааны аяныг өрнүүлсэн. Хоёр өдрийн дотор 300 мянган төгрөгийн хандив цугласнаар шинэ жилийн бэлэг бэлдэж энэ гэр бүлд гардууллаа гэж тус сургуулийн Сургалтын менежер Ц.Наранцэцэг ярьж, аливаа баярыг ууж идэж, наргиж дарвих байдлаар биш аль болох сайн үйлсийн аянд нэгдэх байдлаар тэмдэглэхийг залуустаа уриалж байлаа.

                                                                                                                                              Б.Туяа   

Холбоотой мэдээ